
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр сард авах 100 шинэ автобусны 30 нь Улаанбаатарт ирсэн бол үлдсэн 70 нь энэ долоо хоногт багтан ирэх юм байна.
Шинэ автобуснуудад карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогч суурилуулсны дараа энэ сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх аж. Мөн хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирнэ.
Автобуснууд үйлчилгээнд явж эхэлснээр нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, хүлээгдлийн хугацаа буурахаас гадна шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэх юм байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн хүлээгдлийн хугацаа дунджаар 4-8 минут байснаар иргэдийн зорчих эрэлтийг хангадаг ч одоогоор тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэл, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 15 минут орчим байгаа ажээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй бөгөөд 2024 он гэхэд бүрэн шинэчлэх зорилгыг Засгийн газар тавиад буй. Түгжрэл бууруулахад баталсан 414 тэрбум төгрөгөөс парк шинэчлэлт хийж, нийт 600 орчим автобус БНХАУ-аас импортлохоор төлөвлөсөн юм. Энэ ондоо багтаан Засгийн газрын дэмжлэгтэй 300 гаруй тэрбум төгрөгөөр шинэ автобуснууд оруулж ирнэ.
Нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобус үйлчилгээнд явдаг. Хэдий тийм боловч үйлчилгээнд явж буй автобуснуудын 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа аж. Энэ удаад шинээр ирж буй автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан төдийгүй тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэйгээрээ онцлог ажээ.
Нийслэлийн 124 чиглэлд 1432 автобус хэрэгтэй гэх тооцоо байдгаас 1100-г нь улс, нийслэлийн төсвөөс гаргах, 300-г нь хувийн хэвшлээр шийдүүлэхээр болжээ. 2024 он хүртэл шинээр автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон юм. Энэ хүрээнд 2022 онд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар 10 автобус , хүүхдийн сургуулийн 20 автобус оруулж ирэн, үйлчилгээнд явуулж байна.