logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    АНУ болон холбоотнууд нь Польшид унасан пуужингийн талаар лавласны эцэст нөхцөл байдал намжив
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 16 16:20
    563
    “Их 20”-ийн удирдагчид ОХУ-ын Украинд хийж буй дайны эсрэг санал нэгдэхэд ойрхон байна

    Мягмар гарагийн орой Украины хилээс зургаан километрийн зайд орших Польшийн жижиг тосгонд пуужин унасантай холбоотойгоор “Их 20”-ийн уулзалтад оролцож байсан АНУ болон Европын орны удирдагчид яаралтай хуралдлаа. Зарим улсын тэргүүнүүд Польш улс руу харвасан пуужинг ОХУ харвасан хэмээн сэжиглэж байсан юм. Харин лхагва гарагийн өглөө ОХУ-ын харвасан пуужингийн эсрэг Украины харвасан пуужин замаасаа гарч Польшид унасан байж болзошгүй гэдэг нь тогтоогдсоноор нөхцөл байдал эргэн намжаад байна.

    Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Бидэнд байгаа анхан шатны мэдээллээр пуужинг ОХУ харваагүй болохыг тогтоосон. Пуужингийн замыг судлахад ОХУ-аас харвасан байх боломжгүй гэсэн үр дүн гарсан. Гэхдээ юу болохыг харж байя" хэмээн мэдэгдсэн байна.

    Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч ОХУ Польшид болсон хэргийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа гэж “TASS” агентлагаар дамжуулан мэдэгджээ. Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан барууны холбоотнууд баттай нотлох баримтгүйгээр ОХУ-ыг буруутгах нь өдөөн хатгасан үйлдэл болно хэмээн мэдэгдээд байна.

    Олаф Шольц: Украины дайны асуудлаар гишүүд зөвшилцөлд хүрэх боломж байна

    olaf-scholz-389__v-videowebm.jpg

    ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “Их 20”-ийн удирдагчид бүгд ОХУ-ын Украинд хийж буй дайны эсрэг санал нэгдэхэд ойрхон байна гэж онцоллоо. Мөн дэлхий дахины хоол хүнсний хомсдол болон эрчим хүчний үнийн өсөлт зэрэг дайнаас үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн тэрбээр “Их 20”-ийн удирдагчдын хамтарсан мэдэгдэлд цөмийн зэвсэг хэрэглэх нь боломжит хувилбар биш гэдгийг, мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орнуудын олонх нь ОХУ-ыг буруутгаж байгаа гэдгийг тодорхой дурдах ёстой” гэдгийг онцолжээ.

    ОХУ үр тарианы экспортоо цаашид үргэлжлүүлэх төлөвтэй болов

    np_file_193601.jpeg

    НҮБ ОХУ-тай хийх үр тарианы экспортын хэлэлцээрийн шаардлагыг хүлээн авахаа амласан болохыг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ. Өнгөрсөн сард ОХУ Украин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй шаардлага тавьсан, мөн Хар тэнгис дэх Крымийн боомт руу довтолсон хэмээн буруутгаж үр тарианы хэлэлцээрээс гараад байсан юм. Харин мягмар гарагт болсон уулзалтын дараагаар ОХУ Хар тэнгисээр дамжих Украины үр тариа болон бусад газар тариалангийн бүтээгдэхүүнийг экспортыг саадгүй дамжин өнгөрүүлэх хэлэлцээрт эргэн нэгдэх төлөвтэй болсон байна. 

    Ши Жиньпин: Бид олон талт гадаад худалдааны системийг хамгаалах ёстой 

    16-10.JPG

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Нидерланд улсын Ерөнхий сайд Марк Рюттетэй уулзахдаа эдийн засгийн даяарчлалын чиглэлд хоёр улс хамтран ажиллаж, олон талт гадаад худалдааны системийг хамгаалах ёстойг тэмдэглэжээ. Мөн тэрбээр Австрали улсын Ерөнхий сайд Энтони Албанистай бүс нутагт үүсээд буй хурцадмал байдлын талаар ярилцсан байна. 

    АНУ Индонез улсын "Ногоон хөгжил"-ийн бодлогод $20 тэрбумын хөрөнгө оруулна

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 20 тэрбум ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тус санхүүжилтийг Индонез улс нүүрсний эрчим хүчнээс татгалзах зорилтдоо ашиглах юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд хийгдэж буй хамгийн том санхүүгийн дэмжлэг болно гэдгийг АНУ-ын Сангийн яам онцолсон байна. 

    Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский “Их 20”-ийн уулзалтад цахимаар оролцож, үг хэлэв

    16-11.jpg

    Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Их 20”-ийн удирдагчдад хандан хэлсэн үгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бүрэн сонссон байна. Мөн Сергей Лавровын илтгэлийг чуулган бүрэн бүрэлдэхүүнээрээ сонссон нь анхаарал татаж байгаа юм.

    Африкийн Холбооны төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх Индонез улсын санаачилгыг БНХАУ болон Европын Холбоо дэмжлээ

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин чуулганд оролцогчдод хандан үг хэлэх үедээ “Их 20”-ийн уулзалтад оролцож байгаа Африкийн Холбооны төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Европын Холбоо мөн энэ санаачилгыг дэмжсэн байна. Энэхүү санаачилгыг энэ онд “Их 20”-ийн уулзалтыг зохион байгуулж буй Индонез улс гаргасан юм. Африкийн Холбоо нь 55 улсаас бүрдсэн хоёр их наяд ам.доллар бүхий дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бүлэг юм. Өнөөдрийн байдлаар ганцхан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс “Их 20”-ийн уулзалтад Африк тивийг төлөөлж байна.

    Cэтгэгдэл бичих