
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хоёр оронтой тоонд хүрээд буй инфляцыг улам эрчимжихээс сэргийлэх алхам болгож бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа урамшуулалт цалин хэт их хэмжээнд олгохгүй байхыг уриаллаа.
Мөн тэрбээр Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны эмч, сувилагч нарын цалинг инфляцын өсөлттэй харьцуулахад доогуур тогтоосон шийдвэрийг зөвтгөж, Засгийн газар үүнд хараат бус үнэлгээний байгууллагуудаас зөвлөгөө авсан болохыг онцолжээ. Мөн сувилагч нарын цалингаа 17 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлэх санхүүгийн боломж байхгүйг тэрбээр мэдэгдсэн байна.
“Цаг үеийн байдал ийм байгаа үед удирдах албан тушаалтнууд урамшуулал цалинг зогсоохын хажуугаар ажилтнууддаа анхаарал хандуулах нь зүйтэй. Улс оронд аль өгөөжтэй алхмыг одоо авахгүй бол жилийн дараа ч бид инфляцын асуудлыг ярьсан хэвээр байх болно” хэмээн тэрбээр Бали аралд болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өгүүлжээ.
Риши Сунакийн хувьд инфляцыг тогтворжуулахын хажуугаар хөдөлмөрийн зах зээлд хямрал үүсгэхгүй байхыг хичээж байгаа аж. Ойрын өдрүүдэд тус улсын Төрийн албан хаагчид бодит цалингийн хэмжээг нь бууруулж тогтоосныг эсэргүүцэж, ажил хаялт зарлах эрсдэл нэмэгдээд байгаа юм.