
Коммунист намын XX их хуралтай холбоотойгоор БНХАУ-ын эдийн засгийн III улирлын тайлан хуваарьт хугацаанаасаа нэг долоо хоногоор хожимдож гарлаа. Статистик мэдээллээр тус улсын эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэсэн ч ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, жижиглэн худалдаа суларсан үзүүлэлттэй байна.
VII-IX сард тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж, Шанхай хот дахь хөл хорионоос үүдэлтэй II улирлын зогсонги байдлаас сэргэж чаджээ. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын таамаглаж байсан 3.3 хувийн өсөлтийг давсан үзүүлэлт болж байна.
Хэдий тийм боловч сарын дүнгээр есдүгээр сард өсөлтийн эрч суларчээ. Дөрвөн сар дараалан буураад байсан ажилгүйдлийн түвшин наймдугаар сард 5.3 хувь байсан бол есдүгээр сард 5.5 хувь болон нэмэгджээ. Мөн жижиглэн худалдааны салбарын өсөлт 2.5 хувь болж, наймдугаар сард 5.4 хувиар өссөн үзүүлэлтээс эрс саарсан байна.
Харин үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөнөөр эдийн засагчдын тооцоолол болох 4.8 хувиас давсан бол үндсэн хөрөнгийн санхүүжилт энэ он гарсаар 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“Тайлангаас дүгнэхэд БНХАУ-ын эдийн засгийг цар тахал чиглүүлсэн хэвээр байна” хэмээн “ING Groep”-ийн ахлах эдийн засагч Айрис Пан онцоллоо. Мөн энэ удаагийн өсөлтийн гол суурь нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл байсан бөгөөд боомтууд дахь хязгаарлалтыг сулруулсан нь нийлүүлэлтийн сүлжээний саадыг арилгаж, аж үйлдвэрийн гарцыг нэмэгдүүлэхэд нөлөөлснийг тэрбээр дурдав.
Түүнчлэн есдүгээр сарын худалдааны тайлангаас харвал БНХАУ-ын экспортын өсөлт саарсан үзүүлэлттэй байна. Ам.доллароор нэрлэгдсэн экспорт өмнөх сард 2021 оны мөн үеэс 5.7 хувиар өссөн бол наймдугаар сарын үзүүлэлтээс 7.1 хувиар буурчээ. Харин импорт өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
Үүнээс гадна БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл тав дахь улиралдаа дараалан агшиж, орон сууцны үнэ 13 дахь сардаа дараалан унажээ. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 2022 оны эхний есөн сарын хугацаанд өмнөх оноос найман хувиар буурсан байна.
Ши Жиньпин БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг танилцуулсан нь хөрөнгийн зах зээл унахад нөлөөлж, даваа гарагт БНХАУ-ын жишиг “CSI 300” индекс Шанхайн Хөрөнгийн биржид 1.9 хувиар унажээ. Мөн юанийн ханш ам.долларын эсрэг 0.4 хувиар суларч, 7.2541 болсон байна.