
Австрали улс цахилгаан автомашин, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлд ашиглагдах чухал түүхий эдийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт татах журмаа чангатгах төлөвлөгөө гаргасан нь энэхүү зах зээлд давамгайлж буй БНХАУ-д анхааруулга болсон байна.
Австрали улсын Сангийн сайд Жим Чалмерс лити, газрын ховор элемент зэргийн үйлдвэрлэл дэх гадаадын хөрөнгө оруулалтад шалгалт хийх тухай тус улсын Сангийн яаманд хүсэлт гаргасан болохоо өнгөрсөн баасан гарагт Сиднейд болсон хурлын үеэр мэдэгджээ. Мөн энэ ажилд тус улсын Засгийн газрын Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын зөвлөл болон бусад хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн хамтран ажиллахыг дурдсан байна.
“Урт хугацаандаа Австралийн үндэсний ашиг сонирхолтой илэрхий нийцэж буй хөрөнгө оруулалтыг дэмжих явдалд бид илүү шийдэмгий хандах хэрэгтэй байна” хэмээн тэрбээр өгүүлжээ. Хэдий тийм боловч дээрх шалгалт нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг голлон чиглэх эсэх талаар Жим Чалмерс тодорхой дурдаагүй ч энэ сард Австрали улсын Эрдэс баялгийн сайд Маделейн Кинг чухал металлын зах зээл дэх БНХАУ-ын ноёрхол нь “Нийлүүлэлтийн сүлжээний төвлөрлөөс үүдэлтэй эмзэг байдал” бий болгосон хэмээн мэдэгдэж байсан юм.
Австрали улсын энэхүү алхам нь цэнэг хураагуурын түүхий эд, сэргээгдэх эрчим хүчний технологи дахь БНХАУ-ын нөлөөллийг хязгаарлах АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эхлүүлсэн бодлогод дэмжлэг болж байгаа аж. Өнгөрсөн сард Канад улс энэ салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын журмаа чангаруулж, БНХАУ-ын гурван компанид Канадын лити олборлогч компаниудад эзэмшдэг бүх хувьцаагаа зарах тушаал өгсөн юм.
Цэвэр эрчим хүч, цэрэг зэвсгийн технологи, дэвшилтэт компьютерын үйлдвэрлэлд амин чухал хэрэгцээтэй түүхий эдийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг Австрали улс лити болон бусад чухал эрдсийн олборлолт, боловсруулалтын хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд АНУ-тай хамтран ажилласаар иржээ.
Одоогоор БНХАУ-ын лити үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниуд болох “Ganfeng Lithium Group”, “Tianqi Lithium” Австрали дахь гол олборлолтын үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчээр оролцож байна. Ganfeng Lithium Group” нь “Mount Marion” уурхайн 50 хувийг эзэмшдэг бол “Tianqi Lithium” нь Квинанагийн боловсруулах үйлдвэрийг удирдахын зэрэгцээ дэлхийн хамгийн том литийн уурхай болох “Greenbushes”-т хувьцаа эзэмшдэг.