logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    “Everything Everywhere All at Once” кино “Oscar”-ийн хамгийн олон төрөлд нэр дэвшлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 12:00
    335
    “Oscar”-ийн шагналд нэр дэвшигчид тодорлоо

    Америкийн кино урлагийн академи “Oscar”-ийн шагналд нэр дэвшигчдийг танилцууллаа. Энэ удаагийн наадамд “Everything Everywhere All at Once” кино хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэнээр бусад кинонуудаа тэргүүлэв.

    “All Quiet on the Western Front”, “The Banshees of Inisherin” кинонууд есөн төрөлд нэр дэвшиж байгаа бол кино урлагийн түүхэнд өндөр амжилт үзүүлсэн “Top Gun: Maverick” зургаан төрөлд, “Avatar: The Way of Water” кино дөрвөн төрөлд нэр дэвшээд байна.

    "A24" бие даасан студийн бүтээл, Ази-Америк цагаачдад тулгамддаг хүндрэл бэрхшээлийг харуулсан "Everything Everywhere All at Once" кино “Шилдэг кино” болон кино найруулагч Даниэл Кван, Даниэл Шайнерт нар “Шилдэг найруулагч”-ийн төрөлд нэр дэвшлээ.

    Түүнчлэн саяхан "Everything Everywhere All at Once" киноныхоо дүрээр “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн Малайзын жүжигчин Мишель Йео “Oscar”-ийн “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж байна. Жүжигчин Мишель Уильямс “The Fabelmans” киноныхоо дүрээр, Кейт Бланшетт “Tár” киноныхоо дүрээр, Андреа Райзборо “To Leslie” киноныхоо дүрээр, “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин”-ий төлөө түүнтэй өрсөлдөж байгаа аж.

    Харин “The Banshees of Inisherin” киноныхоо дүрээр Ирландын жүжигчин Колин Фаррелл, Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер “The Whale” киноныхоо дүрээр, Пол Мескал “Aftersun” киноныхоо дүрээр, Билл Найи “Living” киноныхоо дүрээр “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшжээ.

    “Шилдэг кино” төрөлд “Everything Everywhere All at Once”, “The Searchlight Pictures”-ийн  бүтээл “The Banshees of Inisherin”, “All Quiet on the Western Front”, “Elvis”, “Avatar: The Way of Water”, "The Fabelmans" зэрэг 10 кино өрсөлдөж байна. Нэрт найруулагч Стивен Спилбергийн бүтээл “The Fabelmans” кино саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг кино”-ны шагналыг хүртсэн юм.

    Кино салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гэгддэг “Oscar”-ийн кино наадамд “Box Office”-т өндөр орлоготой байсан кинонууд ховорхон нэр дэвшдэг. Харин энэ удаагийн наадмын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн кинонууд нэр дэвших үеийн байдлаар хамгийн их орлого олсон бүлэг киногоор тодроод байгаа бөгөөд Хойд Америкийн зах зээлээс нийт 1.57 тэрбум ам.долларын орлого олоод байгаа аж. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг “Comscore“-ийн дата үзүүлэлтээс харж болохоор байна. Өмнөх дээд амжилтыг 2009 онд нэр дэвшсэн кинонууд 1.52 тэрбум ам.долларын орлогоор тогтоож байжээ.

    Үүнээс гадна дуучин Рианна “Black Panther: Wakanda Forever” киноны “Lift Me Up” дуугаар, Лэди Гага  “Top Gun: Maverick” киноны “Hold My Hand” дуугаараа “Киноны шилдэг дуу” төрөлд өрсөлдөж байгаа аж. Тэдэнтэй “Tell It like a Woman” киноны  “Applause”,  “Everything Everywhere All at Once” киноны “This Is a Life”, “RRR” киноны “Naatu Naatu” нэр дэвшиж байна.

    “Oscar”-ийн шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр Лос-Анжелес хотноо болно. 

    Cэтгэгдэл бичих