
15 жилийн өмнө орон сууцны зах зээлийн хөөсрөлтийг зөв урьдчилан тооцоолж байсан эдийн засагч Том Лоулер бодлогын хүүгийн өсөлт цар тахлын үеийн эрэлтийн эрчийг сааруулснаар ирэх хоёр жилд АНУ-д орон сууцны үнэ 8-12 хувиар унана хэмээн таамаглажээ.
“Fannie Mae” компанийн эдийн засагч асан түүний үзсэнээр тусдаа гарч, гэр бүл зохиож буй иргэдийн тоо багассан нь эрэлт буурахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа аж. Энэ нь 2020 онд буюу цар тахлын эхэн үед 34-өөс доош насны олон иргэд эцэг, эхийнхээ гэрт буцаж очсон, эсвэл эцэг, эхтэйгээ хамт амьдардаг хэвээр үлдсэнтэй холбоотой аж.
Харин 2021 онд тусдаа гарч буй залуусын тоо өссөнөөр жилийн хугацаанд АНУ-д хоёр сая шинэ өрх нэмэгдсэнийг Том Лоулер хүн амын тооллогын мэдээллийг эш татан өгүүлжээ. Энэ хугацаанд ганц биечүүдийн эзлэх хувь 1990 оноос хойших дээд түвшинд хүрснээс гадна өрхийн ам бүлийн дундаж тоо бүх цаг үеийн доод түвшиндээ (нэг өрхөд дунджаар 2.5 хүн) хүрсэн байна.
Хэдий тийм боловч тусдаа гарахаар төлөвлөж байсан хүмүүсийн дийлэнх нь зорьсондоо хүрсэн учраас ирэх жилүүдэд нэмэгдэх шинэ өрхийн тоо 50 хувиар буурч магадгүй гэж Том Лоулер тооцоолжээ.
Үүнээс гадна бодлогын хүү энэ онд эрчимтэй өссөн нь моргейжийн зээлийн хүүг 20 гаруй жилийн дээд түвшинд хүргэж, улмаар ихэнх худалдан авагчдад орон сууц эзэмшихэд илүү өндөр өртөгтэй болгосон аж.
Мөн Том Лоулероос гадна “Moody’s Analytics”-ийн Ахлах эдийн засагч Марк Зандигийн тооцоолсноор орон сууцны үнэ долоодугаар сард оргилдоо хүрсэн бөгөөд ирэх хоёр жилд 10 гаруй хувиар унах төлөвтэй байгаа аж.
Харин “Bloomberg Opinion”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын олонх нь 2023 онд АНУ-д орон сууцны дундаж үнэ одоогийн түвшнээс таван хувиас хэтрэхгүй хэлбэлзэлтэй байна хэмээн таамаглажээ.