
Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн өсөлт саарахтай зэрэгцэн дотоодын эрэлт суларснаар “Xiaomi” компанийн III улирлын орлого 10 гаруй хувиар буурчээ.
Ухаалаг цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл болон интернэт үйлчилгээнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тус компанийн бизнесийн төрлүүд дундаас гар утасны борлуулалт 11 хувиар буурсан нь хамгийн тааруу дүн болсон байна. Харин тус компанийн нийт борлуулалт 70.5 тэрбум юань буюу 9.9 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх төсөөллөөс бага зэрэг давсан үзүүлэлт аж.
Хэдий тийм боловч тайлант хугацаанд “Xiaomi”-ийн цэвэр алдагдал тооцооллоос давж, 1.5 тэрбум юань хүрсэн нь хөрөнгө оруулалтын алдагдал зэргээс шалтгаалж дансны үнэ цэн нь бараг гурван тэрбум юаниар буурсантай холбоотой аж.
БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас тус улсын технологийн салбар, нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй байдал үүсэж, эдийн засгийн үйл ажиллагаа нь хумигдаад байгаа юм. Үүний зэрэгцээ өндөр инфляц, эдийн засгийн өсөлтийн удаашрал худалдан авалтад нөлөөлснөөр цахилгаан хэрэгслийн эрэлт дагаад багасаж байна.
Сул эрэлтийн улмаас ухаалаг гар утасны нийлүүлэлт дэлхийн хэмжээнд сүүлийн хэдэн жилд байгаагүй доод түвшинд хүрээд буй ч “Xiaomi” компани Европын зах зээлд эзлэх жингээ нэмэгдүүлж чадсаныг тус компанийн удирдлагууд мэдээллээ.
“Jefferies”-ийн тооцоолсноор энэ онд дэлхий дахинд ухаалаг гар утасны борлуулалт 12.2 хувиар буурсан бол ирэх онд 2.9 хувиар буурах төлөвтэй байна. Харин “Xiaomi”-ийн борлуулалт 2022, 2023 онд буураад 2024 онд бага зэрэг сэргэх төлөв ажиглагдаж байгааг мөн дурджээ. Сүүлийн жилүүдэд худалдагдсан гар утаснуудын чанар сайн тул хэрэглэгчдэд шинийг авах шаардлага гарахгүй байгаа нь үүнд зарим талаар нөлөөлж байгааг “Jefferies”-ийн шинжээчид онцолж байна.