
Зургийг: С.Батсайхан
Монгол Улс нийт экспортынхоо 90 гаруй хувийг түүхийгээр гаргаж байгаа тул хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг зорьж буйгаа Эдийн засаг, Хөгжлийн яам мэдээллээ.
Монгол Улс оны эхний таван сард 6.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргаад байна. Үүнээс уул уурхайн бус экспортод ноолуурын экспорт гол жин даржээ. I-V сарын байдлаар 1.09 мянган тонн ямааны угаасан ноолуур экспортолсон нь сүүлийн гурван жилтэй харьцуулахад буурсан дүн боллоо. Тухайлбал: 2021 оны мөн үеэс 54.9 хувиар, 2022 оны мөн үеэс 59.4 хувиар буураад байна.
Харин малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 16.3 мянган тонн хүрч өсжээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 2.1 дахин, 2022 оны мөн үеэс 19.1 дахин өссөн үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч махан бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үетэй харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлттэй байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Тиймээс Эдийн засаг, Хөгжлийн яам мал, амьтны гоц халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж, махны экспортыг 30 мянган тонн хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа өнгөрсөн онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх замаар 72 цаг болгож бууруулна. Эдгээр зорилтын хүрээнд 2.7 их наяд төгрөгийн 23 төсөл үйл ажиллагаа төлөвлөөд байгаа талаар салбарын яам мэдээлсэн юм.
Монгол Улсын хувьд малын мах, махан бүтээгдэхүүн болон дайвар бүтээгдэхүүн экспортлох өргөн боломж байгаа ч бичиг баримтжуулах, бодлогын зохицуулалт хангалттай бус байгаа нь үйлдвэрлэгчдэд гол сорилт болдог байна.