
АНУ-ын Калифорни мужид төвтэй “AstroForge” стартап астероид буюу сансрын биетүүдээс үнэт металл олборлож, боловсруулах зорилтынхоо хүрээнд энэ онд хоёр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ.
2023 оны дөрөвдүгээр сард төлөвлөгдсөн эхний хөөргөлтөөр компани астероид төстэй материалын дээжээс цагаан алт боловсруулж гаргаж авах туршилт хийх бол 10 дугаар сарын хөөргөлтөөр дэлхийтэй ойр байршилтай, олборлолт хийх боломжтой астероидуудыг тандан судлах аж.
“AstroForge” нь цагаан алтны бүлгийн металлуудын олборлолтын өртгийг бууруулахын тулд астероидуудаас тэрхүү металлуудыг олборлож боловсруулах зорилт тавьжээ. Цаашлаад эдгээр ховор элементийг боловсруулахад бий болдог их хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийн хийг багасгана хэмээн найдаж байгаа аж.
“Бид боловсруулалтын ажлаа газар дээр нь хийхээр төлөвлөсөн. Дэлхий рүү буцааж авчрахгүй, шууд астероид дээр боловсруулна гэсэн үг. Уурхайгаас гардаг тэр их хаягдлын багагүй хэсэг нь боловсруулалтын явцад бий болдог” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Мэтью Жиалик онцолж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард “AstroForge” нь гарааны бизнесийн санхүүжилтээс 13 сая ам.доллар татан төвлөрүүлснээ зарлаж, олон нийтийн анхаарлыг татаж байв. Ирэх аравдугаар сард хийх хөөргөлт нь дэлхийн татах хүчний бүсээс гарсан бизнесийн зориулалттай анхны сансрын нислэг болно хэмээн тус компани баталж байгаа аж.