
Зургийг: Bloomberg
Японы Хоккайдо арлын Отофүкэ дэх нэгэн фермийн хүлэмж дотор цагаан майк өмссөн Хироюки Накагава болц нь гүйцэж, савлаад тээвэрлэхэд бэлэн болсон манго жимснүүдийг хурааж байлаа. 12 дугаар сарын цэлмэг, зэврүүн өдөр гадаах температур -8°C хүрч байхад хүлэмж дотор манан савсаж, термометрийн зүү 36°C хэмийг заана.
Хироюки Накагава Японы хамгийн хойд зүгт орших арал дээрх цас мөсөөр бүрхэгдсэн Токачи мужид 2011 оноос хойш манго жимс тариалж байгаа аж. Тэрбээр ургуулсан манго жимснийхээ ширхэг бүрийг нь 230 ам.доллар хүртэлх үнээр зардаг. Тогтвортой фермерийн аж ахуйн нэгэн туршилт нь түүнд нэг л өдөр дэлхийн хамгийн үнэтэй мангог ургуулж өгнө гэж Хироюки Накагава өмнө нь төсөөлж ч байсангүй.
"Эхэндээ миний хийж буйг нухацтай хүлээн авах хүн байдаггүй байв. Яг л энэ Хоккайдод байгалийн хуулиас гажсан мэт мөртөө байгалийн гаралтай нэгэн зүйл бүтээхийг би хүссэн" хэмээн өмнө нь шатахууны бизнес эрхэлж байсан 62 настай Хироюки Накагава хэлж байна.
Шатахууны үнийн өсөлт Хироюки Накагаваг шатах түлшнээс цаадхыг харахад хүргэж, удалгүй манго тариалалтын бизнес рүү шилжсэн байна. Нэг удаа тэрбээр өмнөдийн Мияазаки мужийн өөр нэг тариалагчаас өвлийн саруудад манго ургуулах боломжтой гэдгийг сонсоод түүний заавар зөвлөгөөгөөр фермээ байгуулж, улмаар “Noraworks Japan” хэмээх стартап эхлүүлжээ. Хэдэн жилийн дараа Хироюки Накагава өөрийн мангоны брэнддээ "Хакүгин но Тайё" буюу "Цасан дундах нар" нэрээр барааны тэмдэг авсан байна.
Төрсөн нутаг Хоккайдогийнх нь нэрийн хуудас болсон цас, онсэн халуун рашаан гэсэн байгалийн хоёр нөөцийг ашиглах нь Хироюки Накагавагийн тариалалтын нууц юм. Өвлийн саруудад нөөцөлсөн цасаа тэрбээр зундаа хүлэмжүүдээ хөргөхөд ашигласнаар мангоны бутнуудад хүйтний улирлын хуурамч дохиог өгч, цэцэглэх хугацааг нь саатуулдаг байна. Харин өвөл тэрбээр халуун рашааны илчээр хүлэмжээ халааснаар ийнхүү тариалалтын нэг улиралд 5000 гаруй манго хураадаг аж.
Тариалалтын энэхүү аргын ачаар хортон шавжгүй хүйтний улиралд мангоны болц нь гүйцэх учир шавж устгагч ашиглах шаардлагагүй гэсэн үг. Дээр нь Хоккайдогийн чийг багатай уур амьсгал нь хөгц устгагч химийн бодисын хэрэгцээг арилгадаг. Мөн фермерүүдийн хийх ажил цөөрдөг өвлийн улиралд ургац хурааснаар хүн хүч дутагдах асуудал гардаггүй тул ажиллах хүчний дутагдалд ороод байгаа Японы хөдөө нутагт энэ нь маш том давуу тал болдог аж.
Хироюки Накагавагийн манго нь жирийн мангог бодвол чихрийн агууламж ихтэй, чихэрлэг амттайгаас гадна мөхлөг болж салдаггүй, цөцгийн тос мэт зөөлөн бүтэцтэйгээрээ онцлог.
Шинэлэг үйлдвэрлэлийн арга нь хэрэглэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчдийн сонирхлыг татах гол хүчин зүйл болжээ. 2014 онд Токиогийн Шинжүкүд байрлах “Isetan” их дэлгүүрт түүний ургуулсан нэг ширхэг мангог дэлгэн харуулсан нь хожим бараг 400 ам.доллароор зарагдсан байна. Нүд бүлтийлгэм үнэтэй ганц мангоны тухай мэдээлэл хэвлэлээр гарснаар олны сониуч зан улам нэмэгдэж, улмаар олоход ховор бүтээгдэхүүний тоонд оржээ. Өдгөө албан ёсны вэбсайтаар нь захиалга өгч болох ч хэрэглэгчид ихэвчлэн "ЗАРАГДАЖ ДУУССАН" гэсэн том улаан бичигтэй тулах нь бий.
Хироюки Накагавагийн үйлчлүүлэгчдээс 2022 оны Азийн шилдэг эмэгтэй тогооч Нацүко Шожи өөрийн нэрийн бялуугаа хийхдээ түүний мангог ашигладаг байна. Мөн Хироюки Накагава Хонгконгийн “City'super” зэрэг гадаадын өндөр зэрэглэлийн жижиглэн худалдаа эрхлэгчдэд мангогоо хүргэдэг байна.
Өвлийн улиралд тариалан эрхлэхийн төсөөлөөгүй ашиг тусыг Хироюки Накагава шинээр нээж илрүүлсээр иржээ. "Цай үйлдвэрлэгч “Lupicia”-аас манай мангоны навчийг цайндаа хэрэглэх хүсэлт тавьсан. Яагаад гэвэл бид шавж устгагч ашигладаггүй болохоор" хэмээн тэрбээр бахархалтай нь аргагүй өгүүлсэн юм.