
“Manchester United” клуб Английн хөл бөмбөгт ноёлж байсан цагаас хойш 10 гаруй жил өнгөрөөд байгаа ч тус клубийг худалдан авах хүсэлтэй хүмүүст энэ нь асуудал биш юм. Англид хамгийн томд тооцогдох тус клубийн америк эзэд болох Глейзерийн гэр бүл хөрөнгө оруулагчийн эрэлд гарсан бөгөөд цаашдаа энэхүү клубийг худалдахад бэлдэж байж магадгүй байгаа аж. “Bloomberg”-ийн наймдугаар сард гаргасан тооцооллоор “Manchester United” нийт таван тэрбум фунт стерлинг буюу зургаан тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж байна.
Үүний зэрэгцээ тэдний хамгийн том өрсөлдөгч “Liverpool”-ийн эзэд мөн клубээ зарахаар болсныг мэдээлж байв. Түүнчлэн Английн “Premier League”-ийн өөр нэгэн томоохон төлөөлөгч “Chelsea” клуб энэ хавар 4.25 тэрбум фунт стерлингээр зарагдсан юм. Харин хөл бөмбөгийн хөрөнгө оруулалтад мэргэшсэн хүмүүс дээрх хоёр клубийн аль нь ч “Manchester United”-ийн хүрэх боломжтой үнэ цэнтэй зэрэгцэхгүйг онцолж байна.
“Manchester United”-ийн шинэ эзэн болох магадлал өндөртэй нэрсийн дунд Их Британийн тэрбумтан, тус клубийн хөгжөөн дэмжигч Жим Рэтклифф багтаж байна. Мөн Саудын Арабын Спортын сайд Абдулазиз бин Турки Аль-Файсал “BBC” телевизэд өгсөн ярилцлагадаа “Manchester United” болон “Liverpool”-ийг хоёуланг нь “сонирхож” байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус улсын хувийн хэвшлийн зүгээс санал тавибал Засгийн газар нь дэмжих болохыг хэлсэн юм. Саудын Арабын Баялгийн сангийн тэргүүлсэн бүлэг өнгөрсөн онд “Premier League”-ийн “Newcastle United” клубийг худалдан авч байв.