
2025 он хүртэл зэсийн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, богино хугацаандаа зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ давснаар энэ зах зээлд тулгараад буй асуудал нэгээр нэмэгдэнэ гэж “BHP” компанийн удирдлага өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.
"Инфляцыг дагаад зардал багагүй өссөн. Цаашид ч өснө гэж бодож байна. Тиймээс ирэх 2-3 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн зардлын өсөлт хадгалагдана гэж тооцоолж байна" хэмээн “BHP” компанийн Хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Иохан ван Ярсвелд онцолсон байна.
ОХУ Украины дайнаас үүдэлтэй инфляцын өсөлт болон нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос үүдэн дэлхийн олон орны Төв банкнууд бодлогын хүүгээ нэмэгдүүлж, үнийн өсөлтөөс сэргийлж байгаатай холбоотойгоор эдийн засгийн уналт үүсэх эрсдэл бий болсон юм.
"Ойрын нэг эсвэл хоёр жилдээ зэсийн илүүдэл үүсэх болов уу. Дэлхий даяар эдийн засгийн өсөлт удааширч байхад зэсийн уурхайн хэрэгжиж буй төслүүдийн тоо харьцангуй цөөн байна" хэмээн Иохан ван Ярсвелд нэмж дурдсан байна.
Шинжээчид ирэх онд зэсийн баяжмалын нийлүүлэлтийн өсөлт хайлуулах үйлдвэрийн хүчин чадлаас давах учраас зах зээлд илүүдэл үүснэ гэж таамаглаад байгаа аж. Харин 2030 он гэхэд тэрхүү илүүдлээс юу ч үлдэхгүй болох эрсдэл байгааг BHP” компанийн Хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн анхаарууллаа.
Урт хугацаандаа цахилгаан автомашин үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлт нэмэгдэнэ гэж “BHP” тооцоолж байгаа юм.
Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч орон болох БНХАУ-ын эдийн засгаа тогтворжуулах бодлогын нөлөөгөөр үл хөдлөх хөрөнгөөс бусад салбар дахь зэсийн эрэлт нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч тус улсын COVID-19-ийг Үл тэвчих бодлоготой холбоотой тодорхойгүй байдал одоогийн харьцангуй эерэг нөхцөл байдлыг хэрхэн эргүүлэхийг хэлж мэдэхгүй байна гэж тэрбээр нэмж хэллээ.
Зэсийн нийлүүлэлтийг өсгөх зорилтынхоо хүрээнд “BHP” компани зэс үйлдвэрлэгч “OZ Minerals”-ийг худалдан авах саналаа 6.5 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлээд байна.
Мөн энэ оны эхнээс тус компани “ногоон эрчим хүч”-ний шилжилтийн гол металлууд болох зэс болон никелийн хайгуулын үйл ажиллагаа явуулдаг жижиг компаниудыг дэмжих хөтөлбөрөө эрчимжүүлэх болоод байгаа юм.