logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Нийслэлчүүд өвөлд бэлэн үү
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 28 15:40
    127
    Цаашид их хэмжээний цас давтамжтай орвол цас, мөс хайлуулах давс, бодисын нөөц хомстож болзошгүй байгааг Нийслэлийн хот тохижилтын газар онцолж байна

    Жилийн хамгийн хүйтэн үе жихүүн өвлийн өдрүүд аль хэдийн айлсан ирээд буй. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Тухайлбал: Хангайн уулархаг нутгаар өдөртөө хасах 27-31, шөнөдөө хасах 37-42 хэм, нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар өдөртөө хасах 18-23, шөнөдөө хасах 27-32 хэм, бусад нутгаар өдөртөө хасах 21-26, шөнөдөө хасах 30-35 хэм хүйтэн байх аж. 11 дүгээр сард ийнхүү цочир хүйтэрсэн тохиолдол хамгийн сүүлд 2016 онд болж байсан бөгөөд энэ удаад түүнээс 2-3 хэм хүйтэн байна.

    Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа нийслэлд их хэмжээний цас орж, явган болон авто зам мөстөж, халтиргаа гулгаа үүссэний улмаас холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

    11 дүгээр сарын дундуур нийслэлд орсон их хэмжээний цасны дараа төв замуудыг цэвэрлэхэд гурван өдөр зарцуулсан бөгөөд халтиргаа гулгаанаас сэргийлэх 359 тонн бодис, 83 тонн давс цацжээ. Харин ням гарагт орсон цаснаар 173.5 тонн бодис, 190 тонн давс цацах ажил хийсэн байна.

    Ням гарагийн байдлаар нийслэлийн хэмжээнд зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын 2503 тонн бодис,  3996 тонн давсны нөөцтэй байгаа аж. Цаашид их хэмжээний цас давтамжтай орвол давс, дайрга, цас хайлуулах бодисын нөөц хомстож болзошгүй байгааг Нийслэлийн хот тохижилтын газар онцоллоо. Тухайлбал: “Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тиймээс одоо байгаа бодис, давсны нөөц хүрэлцэхгүй байх төлөвтэй байгаа” юм байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн оныхоос 2-3 дахин их бодис, давс нөөцөлсөн ч хомсдох эрсдэл үүсэж болзошгүй байгаа аж.

    Долоо хоногийн эцсээр орсон их хэмжээний цасыг цэвэрлэх ажилд нийслэлийн зам, талбайн цэвэрлэгээ хариуцдаг 17 байгууллагын 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тусгай зориулалтын 151 машин техниктэй үүрэг гүйцэтгэж, зам талбайн халтиргаа гулгаа үүссэн хэсгүүдийн цас, мөсийг цэвэрлэжээ.

    Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй бөгөөд ингэснээр иргэд аюулгүй зорчих боломж бүрдэх аж. Энэ дагуу аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж, тухайн орчноо тохижуулж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулж, цэвэрлэх ёстой бөгөөд өөрийн эзэмшлийн гаднах талбайгаа цэвэрлэж, иргэдийн аюулгүй зорчих байдлыг ханган ажиллах үүргээ биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах журамтай юм байна.

    Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 2839 аж ахуйн нэгж, байгууллага 194 мянга 394 м² талбайг цэвэрлэсэн байна. Нийслэлийн хэмжээнд 17 мянга гаруй аж ахуйн нэгж дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

    Үүнээс гадна халтиргаа гулгаанаас үүдэлтэй зам тээврийн ослын дуудлага жирийн үеийнхээс 35-50 хүртэл хувиар нэмэгджээ.

    Cэтгэгдэл бичих