
Одоо ч үргэлжилсээр буй нийлүүлэлтийн асуудлаас шалтгаалан платинумын үнэ сүүлийн гурван сарын хугацаанд 20 хувиар өссөнөөр энэхүү үнэт металл 2008 оноос хойших хамгийн сайн үзүүлэлттэй улирлаа үдэж байна.
Баасан гарагт платинумын үнэ дахин 1.0 хувиар өсөж, унц нь 1,064.50 ам.доллар болсноор улирлын дүнгээр өсөлт нь 23 хувьд дөхсөн аж.
Гол худалдан авагч болох БНХАУ 2019 оноос хойш хэрэглээнээсээ давсан хэмжээгээр платинум импортолсон нь бусад орнууд хязгаарлагдмал нийлүүлэлттэй үлдэхэд нөлөөлсөн хэмээн Дэлхийн Платинумын хөрөнгө оруулалтын зөвлөл мэдээлжээ.
2023 онд эрэлт 19 хувиар өсөх ч нийлүүлэлт ердөө хоёр хувиар өссөнөөр дэлхийн зах зээлд платинумын хомсдол үүснэ гэж тус зөвлөл тооцоолсон байна.
“Олон улсад эдийн засгийн хүнд нөхцөл байдал үргэлжилж, олон орнууд уналт руу ойртож байгааг үл харгалзан платинумын үйлдвэрлэлийн эрэлт 2022 онтой харьцуулахад 10 хувиар өсөхөөр байна. Энэ нь 10 жилийн дунджаас давна гэсэн үг” хэмээн 2022 оны 12 дугаар сарын тайландаа дурджээ.
Авто үйлдвэрлэлд түлхүү ашиглагдах платинумын эрэлт ирэх онд өсөлт үзүүлэх бол үнэт эдлэлд ашиглагдах платинумын эрэлт 2023 оны турш тогтвортой байх төлөвтэй аж.
“Reuters”-ийн тооцоолсноор платинумын үнэ жилийн хугацаанд есөн хувиар өссөнөөр 2022 оны хамгийн сайн гүйцэтгэлтэй үнэт металл болж байна. Ижил хугацаанд алтны үнэ нэг хувиар, мөнгөний үнэ гурван хувиар, палладийн үнэ дөрвөн хувиар унажээ.