
Нийслэлийн гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байгаа бөгөөд цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүлээд байна.
Энэ онд нийслэлийн гэр хорооллын 16 байршилд буюу Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаагаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба мэдээллээ.
2023 онд тохижилтын 46 ажил хэрэгжихээс найман ажилд гэрээ байгуулсан бол 38 ажил гэрээ байгуулахаар хүлээгдэж байгаа аж. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарьж, долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийхээр төлөвлөжээ. ТМөн хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба онцлов.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд нэг хүнд ногдох ногоон байгууламж нь дэлхийн дунджаас харьцангуй бага байгаа юм. Энэ нь тоосжилт, хөрс, агаарын бохирдолд ч нөлөөлж байна.
Үүнээс гадна нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил нь 18 мянга 843 нэгж талбар буюу 1631 га газрыг хамрах бөгөөд энэ хүрээнд 148 мянга 323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь нийт 15 мянга 382 нэгж талбар, 1102.8 га талбайг хамарч байгаа аж.
Төслийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 2778 нэгж талбарт газар чөлөөлж, 16 мянга 671 айлын 153 блок орон сууц ашиглалтад оруулжээ. Харин энэ онд 46 блок 5076, 2024 онд 44 блок 5300, 2025 онд 53 блок 6400 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах ажил юм.
Хүн амын 60-аас илүү хувь нь гэр хорооллын бүсэд амьдардаг Улаанбаатар хотын хувьд ус, агаар мэт хэрэгцээтэй зүйл бол гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил. Монгол Улсын хувьд 2011 оноос эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 15 мянга гаруй айлын орон сууцыг төслийн хүрээнд ашиглалтад оруулжээ.
2020-2025 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг илүү өргөн хүрээтэйгээр эрчимжүүлэхийг зорьж байна. Нийслэлийн хэмжээнд орон сууцны дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч буй 220 мянган өрхийн 120 мянгыг нь л дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамруулахаар байгаа аж. Өөрөөр хэлбэл ийм тооны өрхийн газрыг дахин төлөвлөх боломжтой юм байна.