
"Монголд зочлох жил 2023-2025”-ын хүрээнд энэ онд нэг сая жуулчин татаж, салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар хүргэх зорилтыг Засгийн газар дэвшүүлээд буй.
Тавдугаар сарын байдлаар 250 мянга гаруй жуулчин Монголд зочлоод байгаа бөгөөд жуулчид ирдэг оргил сарууд болох VI, VII, VIII сарыг тооцвол зорилтоо хангах боломжтойг МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл онцолж байна.
МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга, “Дисковер Монголия Трэйвэл” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Барсболд
“Аялал, жуулчлалын салбарыг сэргээж идэвхжүүлэхэд хөрш зэргэлдээ болон БНСУ зэрэг бүс нутгийн аялал, жуулчлал чухал нөлөө үзүүлж буй. Тухайлбал: 2023 оны эхний таван сард Монголд ирсэн нийт жуулчдын 51 хувь нь ОХУ-аас, 25 хувь нь БНХАУ-аас иржээ. Аялал, жуулчлалын салбарт дэд бүтэц, зам, зам зуур ариун цэврийн газрын асуудал, үйлчилгээний стандарт зэрэг асуудал тулгарч байгаа. Гэхдээ жуулчны баазууд харьцангуй сайжирч байна. Төрөөс энэ жилийг “Зочлох жил” гэж нэрлэж бодлогоор дэмжихээр болсон ч одоо хүртэл хөнгөлөлттэй зээл олгох асуудал чимээгүй л байна. 2022 оны байдлаар аялал, жуулчлалын салбарт нийт 500 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаагаас ердөө 30 орчим компани өндөр зэрэглэлийн зах зээлд үйлчилж байна"
Аялал, жуулчлалын салбарын өсөлт эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөөтэй. Тухайлбал: “Нэг сая жуулчин хүрэлцэн ирснээр 3.4 сая монголчууд хэсэгхэн хугацаанд ч болов 4.4 саяулаа болно. Жуулчид бидэнтэй адил л дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж, үзвэр үйлчилгээ үзнэ. Үр дүнд нь үйлчилгээний байгууллагуудын орлого өснө” хэмээн “Дисковер Монголия Трэйвэл” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Барсболд онцолж байлаа.
Дэлхийн хэмжээнд аялал, жуулчлалыг зэрэглэлээр нь тав хуваан авч үздэг ч Монгол Улсын хувьд масс аялал болон VIP аялал илүү анхаарал татаж буй.
“DMD MONGOLIA” (Discover Mongolia & Development)-ийн Захирал Ж.Соёлмаа
“Манай компани франц хэлтэй орнуудаас жуулчин татаж, үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор 500 хүнтэй групп авчраад аялуулж байна. VIP аялал бол эдийн засагт маш их үр нөлөөтэй. Жишээлбэл: БНСУ-аас аяллын 100 гаруй хүнтэй групп авчирлаа гэхэд 45 хүний суудалтай гурван автобус болон гурван жолооч хангалттай. Харин VIP аяллын хувьд 100 орчим хүн гэр бүлээрээ ч юм уу, найз нөхдөөрөө салж өөр унаанд суух хүсэлтэй байдаг. Тиймээс 40 гаруй “Land Cruiser” автомашинд төдий тооны жолооч ажиллуулах шаардлага үүснэ. Гурван хүнийг ажлын байраар хангах, 40 гэр бүлийг орлоготой болгох хоёр үр дүнгийн хувьд өөр”
VIP аяллыг хөгжүүлэхэд тулгамддаг гол бэрхшээлийн нэг нь нислэгийн тийзийн үнэ. Өндөр үнэтэй үйлчилгээ авдаг аялагчдад хүртэл нислэгийн тийз үнэтэй тусаж байгаа нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын бодлого зохицуулалтад анхаарах асуудал байгааг илтгэж буй.
"DMD Mongolia"-ийн захирлын мэдээлснээр 2024, 2025 оны аяллын төлөвлөгөө, нисэх хуваарь, үнийн мэдээллээ одоогоос тодорхой болговол ирэх жилийн жуулчдын тоо хүссэн хэмжээнд хүрэх боломжтой. Хэдий тийм боловч нислэгийн хуваарь, үнэ зэргийн баталгаатай мэдээллийг гаргадаггүй нь борлуулалт буурахад хүргэдэг аж.
Хоёр хөрш ба масс аялал
2021 онд Монголд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж, 2019 оныхтой харьцуулахад 94.3 хувиар буурсан нь аялал, жуулчлалын салбар цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөнийг илтгэж байна. Мөн 2020-2021 онд гурван их наяд гаруй төгрөгийн боломжит орлогоо алдсан бөгөөд ажлын байр 63 хувиар хорогдсоныг МҮХАҮТ-ын судалгаанаас харж болохоор байгаа юм.
Дэлхийн Аялал, жуулчлалын холбооноос энэ салбарын сэргэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар 43 хувь нь аялал, жуулчлалын салбар 2022 онд олон улсын хэмжээнд сэргэнэ гэж үзэж байгаа аж. Харин 45 хувь нь 2023 онд Covid-19-ийн өмнөх 2019 оны түвшинд очно гэж хариулжээ.
Дэлхийн аялал, жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2022 онд гурван байр ахиж, 90 дүгээрт эрэмбэлэгдэж буй Монгол Улсын хувьд 2022 онд 286 мянга гаруй жуулчин хүлээн авсан юм.
2022 оны байдлаар аялал жуулчлалын салбарт нийт 500 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаагаас ердөө 30 орчим нь өндөр зэрэглэлийн зах зээлд үйлчилж байгаа аж.
“Говь Каравансерай Лодж” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Г.Нинжин
“Бид цар тахлын жилүүдэд буюу сүүлийн гурван жилд дотоодын амрагчдыг авч үйлчилсэн. Энэ жил гадаадаас ирэх жуулчдын урсгал эрс нэмэгдсэн. Тухайлбал: одоогоор захиалга 80 хувьтай дүүрсэн. Энэ дундаа БНСУ-аас ирэх жуулчдын тоо 50 хувьтай байна. Мөн дотоодын аялагчдын эрэлт их байна. Харин жуулчдын урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүний нөөцийн сорилттой тулгарч байна”