
Лондоны Металлын бирж сүүлийн 25 жилд байгаагүй бага хэмжээний агуулахын нөөцтэйгөөр 2023 онтой золгож байгаа тул цаашдаа эрэлт тооцоолсноос давсан тохиолдолд нийлүүлэлт хумигдаж, үнэ огцом өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Тус биржид арилжаалагддаг үндсэн зургаан металлын нөөц 2022 онд 65 гаруй хувиар багассанаас хөнгөн цагааны нөөц 72 хувиар, цайрын нөөц 90 хувиар хорогдсон нь гол жин даржээ. Нийтэд нь харвал татан авалтад бүртгэгдээгүй нөөц өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар 1997 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн байна.
Хэдийгээр дэлхийн зах зээл дэх дийлэнх металл Лондоны Металлын биржийн агуулахад очоод байдаггүй ч зээлийн борлуулалт (short-selling) хийдэг, хугацаат гэрээтэй бүх арилжаалагч тус биржид хадгалагдаж буй биет металлаас нийлүүлэх ёстой учраас биржийн нөөцийн түвшин нь маш чухал байдаг.
Түүнчлэн нэг талаас хумигдмал нийлүүлэлт, нөгөө талаас дэлхийн гол эдийн засгууд уналтад орох эрсдэлээс үүдэн эрэлт сулрах болгоомжлол хосолсон хүнд нөхцөл байдал үүссэнийг энэхүү нөөцийн бууралт харуулж байгаа юм.
Металлын эрэлт, нийлүүлэлттэй холбоотой мэтгэлцээн ялангуяа зэсийн зах зээлд илүү хүчтэй байна. Зарим шинжээчид зэсийн одоогийн хомсдол үргэлжилнэ гэж үзэж байгаа бол бусад нь зах зээлд илүүдэл үүсэх ховор бөгөөд түүхэн мөч тохионо гэж таамаглажээ.
Зэсийн үнийн төсөөлөлд ч гэсэн ихээхэн зөрүүтэй үзэл бодлууд ажиглагдаж байна. “Goldman Sachs”-ийн шинжээчид дараагийн 12 сард зэсийн үнэ тонн нь 11 мянган ам.доллар буюу дээд түвшинд хүрнэ гэж тооцоолсон бол “BNP Paribas”-ийн үзэж буйгаар ирэх оны дунд үед зах зээлд илүүдэл үүссэнээр зэсийн үнэ тонн нь 6465 ам.доллар болж унах магадлалтай байгаа аж.
Харин 2022 оны эцэст “ногоон бүс”-д арилжаалагдаж буй цорын ганц металл нь никель болж байв. Зэс, цайр, хөнгөн цагаан нь 2022 онд бүгд 10-аас дээш хувиар унасан бол цагаан тугалганы үнэ 30 хувиар унаснаар 1990 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй жилийг үдлээ.