
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг энэ онд эрчимжүүлэхээ амлалаа. Тэрбээр “Иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлж буй энэхүү шинэ журам нь ирэх зуны эцсээс хэрэгжиж эхлэх”-ийг шинэ жилийн мэндчилгээндээ дурджээ. Мөн Эммануэль Макрон “Францын ард түмнийг эв нэгдлээ хадгалж, хагарал бутралд бууж өгөхгүй байх”-ыг уриалсан байна.
“2023 он нь Франц улсын тогтолцооны тэнцвэртэй байдлыг ирэх олон арван жилд хадгалах зорилго бүхий тэтгэврийн шинэчлэлийн жил байх болно. Тиймээс бид илүү хөдөлмөрлөх ёстой” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Засгийн газрын тэтгэмж авах насны доод хязгаарыг 62-оос 65 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг багтаасан энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх болсноор Эммануэль Макроны хувьд 2023 он хүндхэн эхлэх магадлалтай болж байна. Өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэгдүгээр сарын 10-нд танилцуулах бөгөөд тус улсын бүхий л томоохон Үйлдвэрчний эвлэлүүд, оюутны байгууллагууд энэ шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаялт зарлахаа анхааруулаад байгаа юм.
2018 онд Эммануэль Макрон хөрөнгийн болон компанийн татварыг бууруулж, шатахууны татварыг нэмсэн нь дундаж давхаргын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар “шар хантаазтан”-уудын эсэргүүцлийн хөдөлгөөн гарч байв. Харин инфляцын түвшин 1980-аад оноос хойших дээд түвшинд хүрч, амьжиргааны өртгийн хямрал нүүрлээд буй энэ үед дээрх шийдвэрийг хэрэгжүүлснээр Эммануэль Макроны бүрэн эрхийн хугацаа дахь хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн бий болох магадлалтай байна.