
Польш болон Балтын тэнгисийн гурван улс даваа гарaгаас эхлэн ОХУ-ын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг хориглолоо.
Хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-ын иргэдийн Европт нэвтрэх гол зам нь дээрх орнууд байсан юм.
Визийн хориг хэрэгжиж эхэлсэн эхний есөн цагт ОХУ-ын 11 иргэний хүсэлтийг буцаасан гэж ОХУ-ын Калининградтай хиллэдэг Литва улсын Гаалийн байгууллага мэдээлсэн байна.
Хэдий тийм боловч шинэ дүрмээр ОХУ-ын дипломатчид, ачаа тээврийн жолооч нар, Европын Холбооны оршин суугчийн гэр бүлийн гишүүд, улс төрийн орогнол хүсэгчид, Шенгений орнуудад удаан хугацаанд орших суух, эсвэл суурьшин амьдрах визтэй иргэдийг Литва улсын хилээр нэвтрүүлсэн хэвээр байх юм байна. Энэхүү хориг нь 12 дугаар сарын 16-нд дуусгавар болохоор түр хугацаатай батлагдсан ч дахин сунгагдах магадлал өндөр байгаа аж.
“ОХУ-ын үйлдэл түрэмгий бөгөөд урьдчилан тааварлашгүй. ОХУ-ын иргэдийн 70 хувь нь Украин дахь дайныг дэмжиж байгаа нь харагдсан” хэмээн Литва улсын Дотоод хэргийн сайд Агне Билотайте онцоллоо.
Ингэснээр ОХУ-тай хиллэдэг Европын Холбооны таван гишүүн орны дөрөв нь тус улсын иргэдийг визийн хоригт оруулаад байна.
Харин Финланд улс хилээ нээлттэй үлдээсэн ч визийн хүсэлт гаргасан ОХУ-ын иргэдэд үйлчлэх Консулын уулзалтын тоогоо бууруулжээ.
Европын Холбооны хэмжээнд ОХУ-аас ирэх бүх нислэгийг хориглож, зөвхөн төмөр замын болон авто замын холбоог үлдээсний зэрэгцээ энэ сараас эхлэн Шенгений бүсийн чөлөөт аяллын визийг олгох тоог хязгаарлахаар болсон юм.
Балтын орнуудын эрх баригчид Европын Холбооны бусад улсыг энэ хоригт нэгтгэхийг хичээж байгаагийн зэрэгцээ Беларусын иргэдийг ч хилээрээ нэвтрүүлэхгүй байхыг уриалсан байна.