
БНХАУ-ын цахилгаан автомашины аравдугаар сарын борлуулалтын дүн өмнөх дээд амжилтуудыг дахин эвдлээ. Өнгөрсөн сард тус улсад цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй суудлын автомашин болон бусад ангиллын автомашин нийт 722 мянган нэгж борлуулагджээ. Тус улсын суудлын автомашины зах зээлд 22 хувийг нь цэнэг хураагуур бүхий цахилгаан автомашин, есөн хувийг нь цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй автомашин эзэлж байна.
Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины борлуулалтад БНХАУ-ын эзлэх жин 2015 онд 26 хувь, 2024 онд 48 хувь, 2022 оны эхний хагаст 56 хувь болж өсөөд байна. “Bloomberg”-ийн шинжээчид энэ оны сүүлийн саруудад борлуулалт дахин эрс өсөж, дээрх үзүүлэлтийг 60 хувьд хүргэнэ гэсэн төсөөлөл гаргаад байгаа аж. Үүний зэрэгцээ БНХАУ цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашин, автобус, хоёр дугуйт тээврийн хэрэгслийн борлуулалтаар бүр ч тасархай тэргүүлж байна.
Цахилгаан автомашины туулах дундаж зай нэмэгдэж байна
БНХАУ-ын суудлын автомашины зах зээлд одоогоор 250 маркийн цахилгаан автомашин борлуулагдаж байна. Энэ онд зарагдсан автомашинуудын нэг цэнэглэлтээр туулах дундаж зай нь 420 км байжээ. Бүх ангиллын цахилгаан автомашинуудын туулах дундаж зай 2018 оноос хойш 42 хувиар өсөөд байгаа аж.
Зах зээлд лити-ион фосфат (LFP) цэнэг хураагуурын эзлэх хувь нэмэгдэж байна
“LFP” цэнэг хураагуур нь кобальт болон никель агуулдаггүй тул цахилгаан автомашинд ашиглагддаг бусад төрлийн цэнэг хураагуураас хямд өртөгтэй байдаг. “LFP” цэнэг хураагуурыг ашигладаг цахилгаан автомашинуудын тоо БНХАУ-д эрчимтэй өсөж байгаа бөгөөд өдгөө зах зээлд нийлүүлэгдэж буй автомашинуудын тэн хагаст ашиглагдах болжээ.
Цахилгаан автомашины үр ашиг аажим боловч тогтвортой өсөж байна
Туулах зай, цэнэг хураагуурын багтаамж нэмэгдсэнийг үл харгалзан цахилгаан автомашины дундаж үр ашиг 2018 оноос хойш жилд ойролцоогоор хоёр хувиар өссөн байна. Хөдөлгүүр болон цахилгааны эд ангиудын үр ашиг сайжирсан, дулааны менежментэд ахиц гарсан, автомашины бусад эд ангиудын эзлэх жинг багасгасан нь үүнд голчлон нөлөөлжээ.
Цэнэглэдэг хосолмол хөдөлгүүр түгээмэл болж байна
Цэнэглэдэг хосолмол хөдөлгүүрт автомашины борлуулалт Европт удааширч байгаа бол АНУ-д анхнаасаа амжилт олоогүй. Харин БНХАУ-д овор ихтэй автомашины ангилалд энэ төрлийн хөдөлгүүрийн ашиглалт огцом өсөж байна. I-VIII сард тус улс дахь том оврын автомашины борлуулалтын 15 хувийг энэ төрлийн загварууд эзэлжээ.
Цахилгаан автомашины борлуулалт том хотуудаас хальж байна
Шанхай, Бээжин зэрэг хотуудад автомашины дугаар шинээр олгох тоог хязгаарласан нь цахилгаан автомашины хэрэглээг том хотуудад огцом нэмэгдүүлжээ. Учир нь цахилгаан автомашин нь БНХАУ-ын хотуудад хэрэгжүүлсэн зарим хязгаарлалт, татвараас чөлөөлөгддөг байна.