
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Сонсголын үеэр нүүрсний хулгайн 39 хэрэгт 53 хүн шалгагдаж байгаа бөгөөд хэргийн хохирлын хэмжээг тогтоохоор шинжээчдийн баг холбогдох газруудад ажиллаж байгааг Улсын Прокурорын Ерөнхий Газар мэдээлэв.
Тухайлбал: нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 39 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байгаа аж. Эдгээр хэрэгт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилжээ. Мөрдөн байцаалт явуулсан 17 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа аж. Мөн дээр дурдсан 39 хэргийн татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, хаасан хэргүүдийг сэргээсэн байна.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд дөрвөн сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас бэлтгэсэн үндсэн зургаан илтгэл, мэдээллийг сонсохоор төлөвлөснөөс Сангийн Сайд, Зам, Тээврийн хөгжлийн Сайд, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-д томилогдсон Бүрэн Эрхт төлөөлөгчдийн илтгэл тавилаа.
2018 оноос 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааг хамруулсан шалгалтаар 2213 хамтарсан манифестаар 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг Гаалийн ерөнхий газраас хийсэн илтгэлд онцоллоо.
Түүнчлэн 2010 оноос 2011 оны долоодугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2527 тээврийн хэрэгсэл 17 мянга 149 удаа хоосон гарсан байж болзошгүйг тогтоожээ.
Мөн “Тавантолгой” ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлуудыг шалган нягталж байгааг мөн мэдээллээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан экспортолсон нүүрснээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) уурхайн амны үнээс бус хил нөхцөлөөр тооцож авдаг талаар илтгэлдээ онцлов.
Мөн тэрбээр "Монгол Улс 1995 оноос хойш нийт 336 сая тонн нүүрс экспортолсноос 298.4 сая тонн буюу 80 хувийг нь 2011 оноос өнөөдрийг хүртэл экспортолсон. Экспортолсон нүүрсний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт МАК”, “Тавантолгой”, “Саусгоби”, “Моэнко”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг найман компани дангаараа экспортолсон. 336 сая тонн нүүрс экспортолж 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос 43.5 их наяд төгрөг буюу 95 хувийг нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд олсон" гэж танилцууллаа.
Дээрх борлуулалтын орлогоос 10 их наяд төгрөгийн татвар авсан байна. Үүний 8.9 их наяд төгрөгийг татвар болгон төлсөн бол 1.7 их наяд төгрөгийг татварын өр болгон төлжээ.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат тус компанитай холбоотой нууцаас ил болсон долоон гэрээний талаарх мэдээллийг танилцуулав.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, 2011 оноос эхэлж нүүрсээ борлуулж эхэлсэн байдаг. 12 жилийн хугацаанд нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Мөн нийт 3.1 их наяд төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсний 54 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлснийг онцоллоо.