
Никель нийлүүлэгч орнуудын дунд OPEC-той төстэй бүлэг байгуулах Индонез улсын саналыг Австралийн уул уурхайн компаниуд эсэргүүцсэн байна. Түүнчлэн Австрали улсын Эрдэс бүтээгдэхүүний зөвлөлөөс нийлүүлэлтэд саад болох ийм бүлэглэлүүд байгуулахыг дэмжихгүй болохоо илэрхийлжээ.
Индонез улс цэнэг хураагуурт ашиглагддаг металл үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн OPEC-тэй төстэй байгууллагатай болох санаачилга гаргаад байна. Дэлхийн никелийн нөөцийн дөрөвний нэг нь тус улсад байдаг аж.
Индонез улсын Хөрөнгө оруулалтын сайд Баxлил Лахадалиа Бали аралд болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Канадын Олон улсын худалдааны сайд Мари Ингтэй уулзах үедээ энэ талаар онцолжээ.
Хамтын нийгэмлэг байгуулснаар олборлогч орнууд нэгдсэн нэг бодлого хэрэгжүүлж, сүүлийн үед уруудаж эхлээд буй никель олборлолтын салбарыг дэмжих боломжтой болно гэж Индонезын сайд ярьсан байна.
Энэхүү санаачилга нь Индонез улс цахилгаан автомашины цэнэг хураагуурын олон улсын төв болох зорилтын хүрээнд хийж байгаа алхмуудын нэг аж. АНУ, Европ болон БНХАУ-ын зах зээлд “ногоон эрчим хүч”-ний автомашинуудын эрэлт нэмэгдэхтэй зэрэгцэн өөрийн орны никель олборлолтын салбарт тулгуурлан цэнэг хураагуурын бусад эд анги үйлдвэрлэдэг болохыг Индонез улс зорьж байна.
OPEC буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага нь Саудын Араб зэрэг Ойрх Дорнодын орнуудыг багтаадаг. Дэлхийд нөлөө бүхий энэхүү томоохон бүлэг нь гишүүн орнуудынхаа газрын тосны нийлүүлэлт болон үнийн асуудлыг зохицуулдаг юм.
Үүнтэй төстэй хамтын ажиллагааны тусламжтайгаар никель олборлогч орнууд тус металлын үнэ цэнийг нэмэгдүүлж, үр ашгийг тэнцүү хүртэх боломжтой болно хэмээн Индонез улсын Хөрөнгө оруулалтын сайд онцолсон байна.
Канад улс нь никель олборлолтоор дэлхийд эхний аравдугаарт бичигддэг учраас эн тэргүүнд тус улсын төлөөлөгчтэй энэ асуудлаар уулзалт хийсэн аж. Уулзалтаар хоёр улсын хооронд хийгдэх гадаад худалдааны хэлэлцээрийн явцыг түргэвчлэх талаар мөн ярилцсан байна.