
Зургийг: MyLoupe/Universal Images Group
“Saudi Aramco” компани ногдол ашгийнхаа хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөснөөр хөрөнгө оруулагч нар болон Саудын Арабын Засгийн газарт олгох төлбөрөө өсгөж магадгүй байна. Газрын тосны үнэ буурснаар Саудын Араб улс төсвийн алдагдалтай нүүр тулж магадгүй байгаа аж.
Шинэ арга хэмжээний хүрээнд 2023 онд “Saudi Aramco”-ийн тараах ногдол ашиг 20 тэрбум ам.доллароор өснө гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. 2022 онд “Saudi Aramco” 75.8 тэрбум ам.долларын ногдол ашиг тараасан нь тус улсын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дунд шинэ дээд үзүүлэлт болсон юм.
Гуравдугаар сард “Saudi Aramco” ногдол ашгийн хэмжээгээ дөрвөн хувиар өсгөснийхөө дараа ирэх жилүүдэд улам нэмэгдүүлэхээр зорьж буйгаа мэдээлж байв.
Дээрх мэдээллийн дараа “Saudi Aramco”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 7.2 хувиар өсөж, өнгөрсөн оны есдүгээр сараас хойших дээд түвшинд хүрлээ.
“BP”, “Shell” зэрэг газрын тосны томоохон компаниуд ногдол ашиг тараах, хувьцаагаа эргүүлэн худалдан авах замаар хөрөнгө оруулагч нартаа хэдэн тэрбум ам.доллар тараагаад байгаа аж. Ингэснээр “Saudi Aramco” хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээ авах шахалтад орж байгаа юм.
“Saudi Aramco” компани ногдол ашгийн өгөөжийг 4.2 хувьд хүргэж, өрсөлдөгч компаниудтайгаа зэрэгцэн ирнэ гэж “RBC” банкны шинжээчид таамаглажээ. Саудын Арабын Засгийн газар тус компанийн 90 хувийг, Баялгийн сан нь найман хувийг нь эзэмшдэг байна.