
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойших анхны гадаад айлчлалаа АНУ-д хийж байна. Тэрбээр Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаны зэрэгцээ Конгрессын хуралд оролцож үг хэлжээ.
Ерөнхийлөгч Жо Байден Зууван танхимд Владимир Зеленскийг хүлээн авч, хоёр цагийн турш ярилцахдаа ОХУ-ын түрэмгийлэл хэр удаан үргэлжлэхээс үл хамааран АНУ Украины талд бат зогсох болохыг амласан байна.
“Украинчуудын тэмцэл, мөн 2023 онд ч хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлагын тухай Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс өөрөөс нь сонсох нь АНУ-ын ард түмэн, дэлхий дахинд маш чухал” хэмээн Жо Байден уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийхдээ онцолжээ.
Владимир Зеленскийн хувьд дэвшилтэт технологийн зэвсэг зэрэг нэмэлт тусламж авахын тулд АНУ-д шахалт үзүүлэх зорилготойгоо тодорхой илэрхийлж байсан бол Байдены зүгээс эдгээр хүсэлтүүдийг биелүүлэх нь NATO болон АНУ-ын холбоотнуудад эрсдэл учруулж болзошгүйг анхааруулж байв.
Лхагва гарагт Жо Байдены танилцуулсан Украины тусламжийн багцад 1.85 тэрбум ам.долларын цэрэг зэвсгийн тусламж, тэр дундаа энэ өвөл хамгаалалтаа бэхжүүлэхэд нь туслах “Patriot” пуужингийн системийн батарей багтсан байна. Хэдий тийм боловч ОХУ-ын хүчийг ухраахад шаардлагатай гэж Владимир Зеленскийн мэдэгдэж байсан танк болон сөнөөгч онгоцнууд багтаагүй аж.
“Patriot-ийн суурилуулсны дараа юу хийх вэ гэж үү? Дахиад “Patriot” авъя хэмээн Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгдэх болно. Үнэхээр уучлаарай, гэхдээ бид одоо дайн хийж байна” хэмээн Владимир Зеленский сэтгүүлчийн асуултад хошигнон хариулжээ.
Уулзалтын дараа Конгрессын хуралдаанд үг хэлэхдээ Владимир Зеленский ОХУ-ын эзлэн түрэмгийллийг зогсооход танк, нисэх онгоц болон илүү их хэмжээний мөнгөн тусламж хэрэгтэйг дахин илэрхийлсний сацуу түүнд эргэлзэнгүй хандаж буй Бүгд Найрамдах намын зарим хууль тогтоогчдын дэмжлэгийг авахын тулд энэ дайн нь дарангуйллын ба ардчилал хоорондын тэмцэл болохыг тодотгожээ.
“Зөвхөн тулааныг үргэлжлүүлэх бус дайны талбарт ялалт авчрах эргэлтийн цэгийг бий болгоход та бүхний дэмжлэг нэн чухал. Та бүхний мөнгө бол хандив бус харин дэлхий дахины аюулгүй байдал, ардчилалд оруулж буй хөрөнгө оруулалт юм” хэмээн тэрбээр дурджээ. 27 минут үргэлжилсэн түүний илтгэлийн явцад Конгрессын гишүүд хэд хэдэн удаа босож алга ташин хүндэтгэл үзүүлсэн байна.