
Виртуал хөрөнгийн бирж “FTX” гуравдагч талын веб сайттай холбоотой “Phishing” төрлийн цахим халдлагад өртсөн хэрэглэгчдэдээ зургаан сая ам.доллартой тэнцэх нөхөн олговор олгохоор болжээ.
Хэдий тийм боловч энэ нь нэг л удаагийн арга хэмжээ бөгөөд цаашид хэрэглэгч энэ төрлийн халдлагад өртөх бүрд нөхөн олговор өгөхгүйг “FTX”-ийн Гүйцэтгэх захирал, криптовалютын тэрбумтан Сэм Бэнкман-Фрид “Twitter” хуудастаа мэдэгджээ. “Бусад компанийн хуурамч хувилбарт хууртсан хэрэглэгчийн хохирлыг нөхөн төлөх явдлыг бид цаашид дадал болгохгүй” хэмээн тэрбээр анхааруулсан байна.
Цахим орчинд хэрэглэгчийг төөрөгдүүлж, хувийн болон чухал ач холбогдолтой мэдээллийг нь авах гэмт хэргийг “Phishing” гэж нэрлэдэг.
Түүнчлэн халдлага үйлдэгчид хэрэв 24 цагийн дотор хэрэглэгчдийн “FTX” данснаас хулгайлсан зургаан сая ам.долларын 95 хувийг буцааж өгвөл хуулийн байгууллагад хандахгүй болохоо Сэм Бэнкман-Фрид онцолсон байна.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр крипто хакерууд аливаа нөөцөөс хулгайлсан нийт дүнгийнхээ таван хувийг, эсвэл таван сая ам.доллартой тэнцэх (мөнгөн дүн хэт их тохиолдолд) криптовалютыг өөртөө авч үлддэг болох “5-5 стандарт” хэмээх тохиролцоог санал болгосон юм. Энэ нь виртуал хөрөнгийн салбарт нүүрлээд буй аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтын нэгээхэн хэсэг аж.