
БНХАУ-ын Ардын банк үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хяналтаа сүүлийн 14 жилд байгаагүйгээр сулруулснаар юанийн ханш 2007 оноос хойших доод түвшинд хүрч уналаа.
Шанхайд арилжаалагдаж буй юанийн ханш ам.долларын эсрэг 0.6 хувиар суларч, спот ханш нь 7.3084 болсноор тус улсын Төв банкны тогтоосон хэлбэлзлийн доод хязгаар болох хоёр хувьд дөхсөн байна. Мөн БНХАУ-ын худалдааны түнш орнуудын валютын сагсны эсрэг сүүлийн нэг жил гаруйн хугацааны хамгийн доод түвшинд хүрч суларчээ.
Гадаадын биржид бүртгэлтэй хувьцаануудын ханш унаж, оффшор юанийн ханш түүхэн доод цэгтээ хүрч, дотоодод арилжаалагдах юань Төв банкны тогтоосон ханшийн мужаас халих эрсдэл үүссэнээр БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад 2022 он хатуухан жил болж байна.
Үүнээс гадна тус улсын Төрийн дээд албан тушаалтнуудын бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Ерөнхийлөгч Ши Жиньпиний эрх мэдэл бэхэжсэнээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсад хөрөнгө оруулалтын орчин хумигдах магадлал нэмэгдээд байгаа аж.
“Эрх баригчид Коммунист намын их хурлын үеэр юанийн ханшийн хэлбэлзлийг хязгаарлахыг оролдож байсан бол одоо бодит түвшинд эргэн очих хугацааг нь өгч байна. Гол нь тэд юанийг цаашид хэр хэмжээнд сулрахыг зөвшөөрөх вэ гэдэг байна. Юанийн сул ханш Азийн бусад валютуудад мөн нөлөөлнө” хэмээн “Australia & New Zealand Banking Group”-ийн Ази тивийг хариуцсан захирал Хун Го онцоллоо.