
Өнгөрсөн сард БНХАУ-ын ОХУ-аас импортолсон шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрсний зэрэгцээ түүхий газрын тос, нүүрсний импорт ч эрс нэмэгджээ. Украинд халдан довтолсны хариу болгон бусад худалдан авагчид нь ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүнээс татгалзаж байгаа ч БНХАУ-ын худалдан авалт ийнхүү өссөөр байна.
ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн борлуулалт 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс бараг 50 хувиар өсөж, 852 мянган тонн хүрчээ. Хэдий тийм боловч БНХАУ-ын гаалийн тайланд шингэрүүлсэн байгалийн хийн нийт худалдан авалт нь өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар буурсныг мэдээлсэн байна. Харин ОХУ-аас дамжуулах хоолойгоор авсан байгалийн хий, мөн дамжуулах хоолойгоор авсан нийт импортын гаальд бүртгэгдсэн тоо хэмжээ нь өссөн үзүүлэлттэй байна.
11 дүгээр сард БНХАУ хойд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүнийг оролцуулаад нийт найман тэрбум ам.долларын эрчим хүчний бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн нь өмнөх сараас 200 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Ингэснээр Украины дайн эхэлснээс хойших нийт худалдан авалт нь 68 тэрбум ам.доллар болжээ. Өнгөрсөн онд адил хугацаанд 41 тэрбум ам.долларын эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авч байсан аж. Харин наймдугаар сард 8.4 тэрбум ам.доллар хүрсэн нь сарын дүнгээр дээд үзүүлэлт болсон байна.
Бусад бүтээгдэхүүнийг харвал ОХУ-аас импортолсон газрын тосны хэмжээ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөж, 7.81 сая тонн хүрсэн бол нүүрсний импорт 41 хувиар өсөж,7.2 сая тонн хүрчээ. Үүний 2.1 сая тонн нь гангийн үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрс байсан бөгөөд импортын хэмжээ нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин өссөн байна.