
“Anglo American” компани Перу улсын өмнөд хэсэгт орших Квеллавеко зэсийн уурхайд NASA-ийн хөгжүүлсэн гурван хэмжээст AR технологи нэвтрүүлэх болсноо зарлалаа.
Олборлолтын явцад суурилуулсан мэдрэгчүүдийн тусламжтайгаар уурхайн виртуал хуулбарыг бий болгож, бүх үйл ажиллагааг хянах нь энэхүү технологийн гол зарчим аж. Ингэснээр аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулах, нөөцийн ашиглалтыг үр өгөөжтэй болгох, тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг сайжруулах туршилтуудыг виртуал орчинд хялбар байдлаар хийх боломжтой болох юм.
Өөрөөр “толь” ч гэж нэрлэдэг тэрхүү хуулбаруудыг Квеллавеко уурхайн Үйл ажиллагааны нэгдсэн төвөөс удирдах юм байна.
Уурхайн нунтаглах болон хөвүүлэн баяжуулах систем, хаягдлын менежмент, усны хяналт, цахилгааны системийг тус тус виртуал хувилбартай болгохыг “Anglo American” мэдээлжээ. Үүгээр зогсохгүй тэдгээр хуулбарууд нь хиймэл оюуны тусламжтайгаар уурхайн ажиллах зарчимд “суралцаж”, тоног, төхөөрөмж болон үйл ажиллагаанд гарах доголдлоос сэргийлэх зөвлөмж өгдөг болсноор цаг хугацаа, өртгийн хувьд хэмнэлттэйг онцолжээ.
“NASA энэхүү технологийг 50 гаруй жилийн өмнө “Apollo 13” хөлөгт эвдрэл гарч, саран дээр газардах боломжгүй болсны дараа хөлгийн гишүүдийг аврах зорилгоор анх ашиглаж байсан аж. Өдгөө Зүйлсийн интернэт (IOT) болон хиймэл оюунд суурилсан мэдээллийн технологи өндөр хөгжсөн үед виртуал хуулбар нь технологийн томоохон үсрэлт болсны зэрэгцээ олон салбаруудад ашиглагдаж байна” хэмээн “Anglo American”-ийн мэдэгдэлд дурджээ.
Мөн Квеллавеко уурхай нь Перу дахь анхны 100 хувь дижитал уурхай болсныг тус компани онцолж байна.