
Цахилгаан автомашиныг хэрхэн уралдааны автомашины сүрдэм дуутай болгох вэ? Хариулт нь мэдээж "Ferrari"-д бий.
Тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгч "Ferrari" компани дуу өсгөгчийн тусгай системийн тусламжтайгаар цаашид үйлдвэрлэх цахилгаан автомашинуудаа хөдөлгүүрийн өвөрмөц чимээтэй болгох бөгөөд саяхан энэ технологидоо патент авсныг “Oddo BHF” мэдээллээ.
Энэхүү патентыг “Цахилгаан хөдөлгүүртэй хамааруулж болох дуу чимээг үүсгэх өсгөгч төхөөрөмж” хэмээн тодорхойлсон байна. "Ferrari"-ийн технологи нь нэг болон хэд хэдэн цахилгаан хөдөлгүүрээс гарч буй чимээг өсгөн чангаруулж, автомашины арын хэсэг рүү дамжуулах зарчимтай аж. Тус компани 2025 онд цахилгаан хөдөлгүүртэй анхны тансаг зэрэглэлийн автомашиныхаа үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хөдөлгүүрийн дуу чимээ нь “Ferrari”-ийг тодорхойлдог гол үзүүлэлт болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Бенедетто Винья өнгөрсөн оны долоодугаар сард хөрөнгө оруулагчидтайгаа уулзахдаа онцолж байв. Хөдөлгүүр бүр өөрийн “нэрийн хуудас” болсон дуутай тул “Ferrari”-ийн цахилгаан автомашинууд ч өөрийн гэсэн дуутай байхыг тэрбээр нэмж дурджээ.