
2023 оны I улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 59.5 тэрбум төгрөгийн ногоон зээл олгогдсоныг Монголбанк мэдээллээ. Тайлант хугацаанд 72.2 тэрбум төгрөгийн ногоон зээл эргэн төлөгдсөн байна. Ингэснээр нийт ногоон зээлийн үлдэгдэл 301.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийн үлдэгдлээс 20.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Түүнчлэн оны эхний улиралд олгогдсон ногоон зээл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51 хувиар өссөн дүнтэй байна. Карбон бага тээвэр буюу нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдан авалтад 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бол бага бохирдуулагч эрчим хүч буюу нүүрс орлуулах эрчим хүчний үүсвэрүүдэд 1.1 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.
Харин тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, тэр дундаа тогтвортой нэхмэлийн боловсруулалт ба үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийн зээл олгогдсон нь хамгийн их жин дарж байна.
Мөн ногоон барилга барихад 13.5 тэрбум төгрөгийн, эрчим хүчний хэмнэлт бий болгоход нийт 16.5 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох чиглэлд одоо байгаа үйлдвэрлэлийн байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд ойролцоогоор 9.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна.
Түүнчлэн олгогдсон ногоон зээлийг чанарын бүтцээр задлан харвал нийт зээлийн 92 хувийг хэвийн зээл бүрдүүлж байгааг онцолж болохоор байгаа юм. Харин үлдсэн хэсгийг хэвийн бус зээл, эргэлзээтэй болон анхаарал хандуулах зээл, муу зээл бүрдүүлж байна.
2022 онд “Ногоон санхүүжилт, бүс нутгийн чуулган”-ы үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг зөвлөл баталсан юм. Үндсэн зургаан бүлэг, 25 дэд арга хэмжээ бүхий замын зургийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх, банкнаас бусад санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцын таваас доошгүй хувийг ногоон зээлээр бүрдүүлэхийг зорьж байна.