
Технологийн компаниудын явуулж буй өргөн хүрээний цомхотголын нөлөө дэлхий даяар мэдрэгдэж эхэлж байна.
Хамгийн сүүлд “IBM” буюу “International Business Machines” компани орон тоогоо 3900-аар цомхотгох шийдвэр гаргаснаа зарлалаа. Ингэснээр нэгдүгээр сард “Google”-ийн толгой компани “Alphabet”, “Microsoft”, “Amazon”, “IBM” компаниудын цомхотгол хийсэн ажлын байрын тоо 44 мянга дөхөөд байгаа юм.
Ингэснээр өнгөрсөн онд хөрөнгө оруулагчдын санааг зовоож байсан хандлага он дамнан үргэлжилж байна. 2022 онд технологийн салбар 97 мянга 171 ажлын байрны цомхотгол хийсэн нь өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 649 хувиар өссөн үзүүлэлт болсныг “Challenger, Gray & Christmas”-ийн тайлан харуулж байна.
2020 онд цар тахлын хөл хорионы үед онлайн худалдан авалт, зайнаас ажиллах хуваарь огцом өссөн нь технологийн томоохон компаниудад ашигтай тусаж байв. Харин одоо тэдгээр бизнесүүдийн олонх нь хангалтгүй өсөлт үзүүлж, хэрэглэгчийн худалдан авалтын төлөв хэвийн болох хүртэл хувьцааны ханшийн уналтыг даван туулах хэрэгтэй болж байна. Тэлэлт хэт хурдацтай байсны сөрөг үр дагавар одоо гарч байгаа тул цомхотгол гэх мэт арга хэмжээ авч, зардлаа танах ёстой болсныг тэдгээр компаниудын удирдлагууд онцолж байна.