logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Цагийн $1 хүрэхгүй цалинтай монголчууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 03 15:24
    902
    Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдлээ

    2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг буюу нэг өдрийн 26 мянга 190 төгрөг, нэг цагийн 3273 төгрөг 81 мөнгө болж нэмэгдэж байна. Ийнхүү 2020 оныхоос 31 хувиар буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 73.2 мянган хүний сарын цалин 550 мянган төгрөг болж байгаа аж. 2024 онд мөрдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны I улиралд багтаан шинэчлэн тогтоохоор болсон юм.

    Шинэ он гарсаар дэлхийн нэлээдгүй улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлээд байна. Тухайлбал: монголчууд хамгийн их амьдардаг БНСУ-д нэг цагийн ажлын хөлс 9160 вон байсан нь таван хувиар нэмэгдэж, 9620 вон боллоо. Ингэснээр нэг өдрийн цалин нь багадаа 77 орчим мянган вон, нэг сарын 1.6 сая гаруй вон болж байгаа аж.

    Харин хойд хөрш ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ сарын 15 мянга 279 рубль байсныг нэмэгдүүлж, 16 мянга 242 рубль болгожээ. Ингэснээр ОХУ-ын иргэд багадаа нэг өдрийн 773 рубль буюу цагийн 96 рублиэр ажиллах болж байна. Иргэд нь бага цалинтай гэгддэг Беларус улс ч нэг сарын цалингийн хэмжээгээ 483.17 рублиэс 554 беларус рубль болгож нэмлээ.

    Харин дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг Швейцарын Холбооны Улсын Женев хотод нэг цагийн ажлын хөлс 0.73 центээр нэмэгдэж, 24 швейцар франк болжээ. Ингэснээр швейцарчууд өдөрт хамгийн багадаа 192 франкаар ажиллаж эхэллээ.

    Европын Холбооны улсуудаас Польш улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сарын 2800 злот байсныг 3010 злот болгож нэмсэн бол Эстони улс сарын цалин нь хамгийн багадаа 654 евро байсныг 725 евро буюу нэг цагийн 4.30 евро болгожээ. Харин Франц улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 1678 евро байснаа нэмэгдүүлж, 1709 евро буюу цагийн 11.27 евро болгоод байна.

    Сүүлийн жилүүдэд монголчуудын хамгийн их аялах болсон Турк улс ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 5500 лира байсныг нэмэгдүүлж, 8506 лира болгосон байна.

    Цалингийн доод түвшнийг дундажтай нь харьцуулсан үзүүлэлт улс орнуудын хувьд халамж шаардлагатай зорилтот бүлгээ тодорхойлоход чухал суурь үзүүлэлт болж өгдөг. Цалингийн доод хэмжээ нь дунджийнхаа 40 болон түүнээс доош хувьтай тэнцүү гэгддэг Мексикт нэг өдрийн хөдөлмөрийн хөлс энэ сараас эхлэн есөн ам.доллароос 10.82 ам.доллар болоод байгаа бөгөөд энэ нь цагийн 1.35 ам.доллар болж байгаа юм.

    Азийн онуудаас Индонез улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ сарын 4,641,854 рупи байсныг нэмэгдүүлж 4,901,798 рупи болгосон бол Тайвань 25 мянга 250 шинэ тайванийн доллар байсан цалингаа 26 мянга 400 болгож нэмэгдүүлсэн байна. Өмнөд хөрш БНХАУ-ын Хэбэй, Гуйжоу мужид ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ.

    Түүнчлэн АНУ-ын Монтана муж нэг цагийн ажлын хөлсийг 9.95 ам.доллар, Өмнөд Дакота муж 10.80 ам.доллар, Делавар муж 11.75 ам.доллар, Виржини муж 12 ам.доллар, Вермонт муж 13.18 ам.доллар, Колорадо муж 13.65 ам.доллар, Нью Жерси муж 14.13 ам.доллар болгож өсгөсөн байна.

    Cэтгэгдэл бичих