
2023 онд Тайландын бат болон Сингапурын долларын хооронд Зүүн Өмнөд Азийн хамгийн өсөлттэй валют болохын төлөөх өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байв.
Өнгөрсөн сард БНХАУ цар тахлын ихэнх хязгаарлалтуудаа цуцалж, гадаад руу чиглэсэн аялал жуулчлалыг сэргээсэн тул БНХАУ-ын жуулчдын урсгал нэмэгдэж, батын ханш чангарахад нөлөөлөх төлөвтэй. Мөн Эх газрын Хятад нь Тайландын экспортын хамгийн том зах зээл учир дэлхийн хоёр дахь эдийн засаг сэргэх нь батын ханшид эергээр нөлөөлөх юм.
Энэ пүрэв гарагт гарах Тайландын 12 дугаар сарын инфляцын дүн мэдээлэл шинжээчдийн тооцоолж байгаачлан өсөлттэй гарвал батын ханшийн чангарал шинэ онд эрт эхлэх боломжтой аж. Тайландын Төв банк 2023 оны эхний хагаст бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа өмнө нь мэдэгдсэн юм.
Ерөнхийдөө АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх эрчээ сааруулснаар ам.долларын ханш суларвал Азийн валютуудад давуу тал олгохыг Сингапурын “OCBC” банкны стратегич Кристофер Вонг онцолж байна.
Үүнээс гадна тус бүс нутагт “ялагч”-дын тоонд багтаж буй өөр нэг валют нь өнгөрсөн онд ам.долларын эсрэг чангарсан Азийн ганц валют болох сингапур доллар юм. Сингапурын мөнгөний бодлого тодорхойлогчид инфляцтай тэмцэхийн тулд 2022 онд бодлогын хүүгээ гурван удаа дараалан нэмэгдүүлсэн нь сингапур долларын ханш чангарахад нөлөөлжээ.