
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын удирдагч Нэнси Пелоси албан тушаалаа өгөхөөр болсноо зарлалаа. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Нэнси Пелоси албан тушаалаа өгөхөөр болсноо зарлалаа. Өдгөө 82 настай тэрбээр Төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй спикер болсон, мөн 20 гаруй жил Ардчилсан намын бүлгийг тэргүүлсэн гэдгээрээ түүхэнд бичигдэх юм.
Нэнси Пелоси “Дараагийн Конгресст миний бие Ардчилсан намыг төлөөлөх удирдагчийн албан тушаалд өрсөлдөхгүй. Миний гүнээ хүндэлдэг Ардчилсан намын бүлгийг толгойлох шинэ үеийнхэн гарч ирэх цаг болсон” хэмээн пүрэв гарагт Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ дурджээ. Хэдий тийм боловч тэрбээр Сан-Франциско хотын тойргийг төлөөлж Төлөөлөгчдийн танхимын гишүүн хэвээр үлдэхээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Завсрын шатны сонгуулиар Бүгд Найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулах нь тодорхой болсны дараахан тэрбээр энэ шийдвэрийг гаргаж байна.
Энэхүү албан тушаалыг хашсан хугацаандаа Нэнси Пелоси дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзэж, Барак Обама, Жо Байден нарын ололт амжилтад томоохон хувь нэмрийг оруулсны зэрэгцээ намынхаа зүүний болон төвийн үзэлтнүүдийн дунд гарсан хуваагдлыг арилгаж чадсан юм. Мөн түүнийг хууль тогтоох ажиллагааны чадварлаг тактикч гэж үздэг.
Түүний орыг Нью-Йорк хотоос сонгогдсон төлөөлөгч Хаким Жеффрис залгамжлах магадлал өндөр байна. Ингэснээр тэрбээр Конгресс дахь намын бүлгийг толгойлсон Африк-Америк гаралтай анхны улс төрч болох юм.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Нэнси Пелоси