
Савлагаатай нэгэн жилийг үдэж байгаа фунт стерлингийн хувьд 2023 онд нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөхөөргүй байна.
Их Британийн эдийн засаг базаахгүй төлөвтэй байх дохио нэмэгдэх тусам шинжээчдийн зүгээс саяхан ам.долларын эсрэг чангарсан фунт стерлингийн ханш цаашид энэ эерэг үзүүлэлтээ ахиулна, эсвэл хадгална гэдэгт эргэлзэх болжээ. Опционы зах зээлд ч гэсэн эргэлзээ давамгайлж, урт хугацааны төлөв бүрхэг байна гэж арилжаалагчид болгоомжилж байна.
Лиз Трассын буруугаар эргэсэн бодлогыг засахаар Засгийн газраас өөрчлөлт хийж, мөн ам.долларын ханш суларсны нөлөөгөөр есдүгээр сард бүх цаг үеийн доод түвшинд хүрээд байсан фунт стерлингийн ханш эргээд огцом чангараад байгаа юм. Хэдий тийм боловч 2022 оны нийт дүнгээр ханш нь 11 хувиар унасан нь BREXIT-ээс хойших хамгийн тааруу үзүүлэлт аж.
Ирэх онд Английн Төв банкны зөөлөн бодлого бусад орнуудынхтай харшилдсанаар фунт стерлингийн ханшны чангарах орон зай хумигдмал байх магадлалтай аж.
Үүнээс гадна төсвийн алдагдал огцом нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь амьжиргааны чанарыг эрс муутгасан, үйлдвэрлэлийн салбарт олон арван жилд байгаагүй тогтворгүй байдал үүссэн зэргээр Их Британийн эдийн засаг ганхсан хэвээр байгаа юм.
“Эдийн засгийн уналт руу халтирч буй орнуудыг Их Британи түүчээлж байна. Мөнгөний бодлоготой холбоотой Төв банкны хойрго байдал, төсвийн даржин дүр зурагтай хоршсоноор фунт стерлингийн уналт цаашид үргэлжлэх нөхцөл бүрдлээ” хэмээн “Saxo Bank”-ийн эдийн засагч Жон Харди өгүүлжээ.
“JPMorgan Chase” банкны шинжээчдийн тооцоолсноор фунт стерлингийн ам.доллартой харьцах ханш нь ирэх оны эхний улирлын төгсгөл гэхэд одоогийн 1.21 ам.доллароос 1.14 ам.доллар болж буурах төлөвтэй аж. Харин “Bloomberg”-ийн судалгаагаар эдийн засагчид ирэх оны эхний улиралд хослол 1.17 ам.доллар болж сулрах бол 2023 оны эцсээр 1.21 ам.доллар болж бага зэрэг чангарна гэж тооцоолжээ.