logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-ын төсвийн алдагдал бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 26 11:20
    106
    2022 оны III улиралд БНХАУ-ын эдийн засаг 3.9 хувиар өсөв

    COVID-19-ийн тархалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналттай зэрэгцэн БНХАУ-ын төсвийн алдагдал 2022 оны эхний есөн сард нэг их наяд ам.доллар дөхсөн нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт болж байна.  

    Тус улсын Сангийн яамны статистик мэдээлэл дээр үндэслэн гаргасан “Bloomberg”-ийн тооцооллоос харвал тайлант хугацаанд БНХАУ-ын төсвийн алдагдал 7.16 их наяд юань буюу 980 тэрбум ам.доллар хүрээд байгаа аж. Энэ нь өмнөх оны I-IX сар хүртэлх хугацааны төсвийн алдагдал болох 2.6 их наяд юаниас бараг гурав дахин нэмэгдсэн дүн юм.

    26-7.JPG

    Энэ онд БНХАУ-ын эрх баригчид татварыг их хувь хэмжээгээр хөнгөлсөн, мөн үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал нүүрлэсэн нь Засгийн газрын орлого буурахад гол жин даржээ. Үүн дээр нэмээд томоохон хотуудад удаа дараалан хөл хорио тогтоосон нь төсвийн зарцуулалт өсөхөд нөлөөлсөн байна. 

    “БНХАУ-ын төсвийн нөхцөл байдал энэ оны хавраас хойш томоохон сорилтуудтай тулгараад байна. Газрын худалдааны бууралт, татварын томоохон хөнгөлөлт болон хойшлуулалт, цар тахлын нэмэлт зарцуулалт зэрэг нь үүнд багтана” хэмээн “Goldman Sachs”-ийн Эдийн засагч Ван Лишэн онцоллоо.

    Шанхай тэргүүтэй олон хотод тогтоосон хөл хориотой холбоотойгоор II улиралд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бараг зогсонги байдалд ороод байсан бол III улиралд эдийн засаг нь 3.9 хувиар өсөж, тодорхой түвшинд сэргэсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь сэргэлтэд нөлөөлсөн ч үүнтэй зэрэгцэн жижиглэн худалдааны салбарын өсөлт суларч, ажилгүйдлийн түвшин нэмэгджээ. Мөн БНХАУ-ын эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа өнгөрсөн сард энэ оны тавдугаар сараас хойш анх удаа хумигдсан дүр зурагтай байна. 

    Хэдий тийм боловч татварын хөнгөлөлтийн ихэнх хувийг IV-VI сарын хооронд цуцалсан нь сүүлийн саруудад орлого өсөхөд нөлөөлжээ. Зөвхөн есдүгээр сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар өсөж, 1.5 их наяд юань болсон байна. Харин тус улсын Засгийн газрын нийт зардал оны эхний есөн сард 27.1 их наяд юань хүрсэн аж. Үүнээс 19 их наяд юанийг боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбар, шинжлэх ухааны судалгаа зэргийг багтаадаг ерөнхий зардал бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих