
“Mercedes-Benz” компани хоёр загварын цахилгаан автомашиныхаа БНХАУ-д борлуулагдах үнийг 33 мянган ам.доллар хүртэлх дүнгээр бууруулсан байна. Цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох тус улсад өрсөлдөөн ширүүсэж, борлуулалтад нь нөлөөлсөн тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Мягмар гарагт тус компани “EQ” цувралынхаа зарим загварын үнийг бууруулж байгаагаа веб сайтаараа дамжуулан зарласан бөгөөд сүүлийн өдрүүдэд автомашин худалдаж авсан хэрэглэгчдэд үнийн дүнгийнх нь тодорхой хувийг буцаан олгохоо мэдээлсэн байна.
Лхагва гарагийн байдлаар “Mercedes-Benz EQE” загварын үнэ 528 мянган юаниас 478 мянган юань буюу 67 мянга 675 ам.доллар болж хямдарсан бол тансаг зэрэглэлийн “EQS” загвар 1.19 сая юаниас 956 мянган юанийн үнэтэй болж өөрчлөгджээ.
БНХАУ дахь борлуулалт сүүлийн саруудад тус компанийн тооцоололд хүрээгүй бөгөөд ялангуяа “EQS” загварын автомашины нийлүүлэлт сард 100 болтлоо буураад байгааг эх сурвалж мэдээлсэн байна.
Ерөнхийдөө гадаадын болон олон жилийн түүхтэй брэндүүд БНХАУ-ын зах зээлд дотоодын шинээр өсөн гарч ирж буй брэндүүдээс борлуулалтаараа хол хоцрох хандлагатай байна. Тус улсын Суудлын автомашины холбооны судалгаагаар 2022 оны эхний долоон сард борлуулагдсан нийт цахилгаан автомашины 80 хувийг БНХАУ-ын дотоодын брэндүүд үйлдвэрлэжээ.
Дээрх хугацаанд “Mercedes-Benz” 8800 нэгж цахилгаан автомашин нийлүүлсэн бол “BYD” компани зөвхөн аравдугаар сард 220 мянган цахилгаан автомашин борлуулжээ.