
Зургийг: С.Батсайхан
2023 оны эхний хагас жилд “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн зээлийн багц 2022 оны эцсээс 4.8 хувиар өсөж, 4.8 их наяд төгрөг болсон бол нийт актив нь 0.7 хувиар нэмэгдэж, 9.8 их наяд төгрөг хүрчээ.
2023 оны эхний улирлын байдлаар “Visa” картын зах зээлд эзлэх хувь 2021 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 28 хувь болсон бөгөөд “Хуримтлалтай Монгол” аянд шинээр хамрагдсан харилцагчдын тоо өмнөх хоёр жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөнийг ХХБ онцолж байна.
Үүнээс гадна Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсноос хойш АНУ-ын банканд ам.долларын ностро данс нээх анхны арилжааны банк болох болзол хангаад байгаа тус банк “Bank of China”-тай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, талууд хил дамнасан төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, томоохон төслүүдийн санхүүжилт зэрэг олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болоод буй юм.
Тус банкны нэгж хувьцааны ханш IPO хийснээс хойш 13 хувиар буураад байна. Хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 1.5 орчим их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.