
Фронт дээрх ОХУ-ын армийн удаа дараалсан бүтэлгүйтэл нь дайны нөхцөл байдлыг улам хурцатгаж, цаашдаа Кремлийн арга мухардвал усны далан гэх мэт чухал объект руу халдах, эсвэл бөөнөөр устгах зэвсэг хэрэглэх ч магадлалтай гэж Украины холбоотон орнууд анхааруулж байна.
Одоогоор ОХУ-ын зүгээс ийм цохилт өгөхөөр бэлтгэж буй шинж тэмдэг харагдахгүй байгааг NATO-ийн албаныхан мэдээлжээ. Ням гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өрнөдийн албан тушаал нэгтнүүдтэйгээ утсаар ярилцахдаа Украины тал “бохир бөмбөг” хэрэглэх гэж байгаа хэмээн буруутгасан юм. “Бохир бөмбөг” гэдэг нь цацраг идэвхт бодисын агууламжтай тэсрэх төхөөрөмжийг илэрхийлж байгаа бөгөөд цөмийн бөмбөгийн төрөлд хамаардаггүй аж.
АНУ болон Европын Батлан хамгаалахын сайд нар түүний энэ мэдэгдлийг эрс няцаасан билээ. Харин Кремлийн зүгээс энэ мэтийн “санаанд оромгүй” зэвсгийн талаар хөндөж, мөн Украины эрчим хүчний сүлжээг онилсон агаарын цохилт өгч байгаа нь өрнөдийнхнийг сүрдүүлэх, цаашлаад Киевт үзүүлэх зэвсэг, техникийн тусламжийг нь багасгах зорилготой хэмээн тэд үзэж байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт цөмийн болон цацраг идэвхт зэвсгийн хэрэглээтэй холбоотойгоор ОХУ-д сануулга өгсөн байна. “Энэ талаар би өнөөдөр удаан ярилцсан. ОХУ тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх нь ноцтой алдаа болно гэдгийг хэлмээр байна” хэмээн тэрбээр онцоллоо.
Мягмар гарагийн шөнө ОХУ-ын арми Днепропетровск хотын Никополь дүүрэгт их бууны цохилт өгсөн болохыг орон нутгийн удирдлага “Telegram” хуудастаа мэдээлжээ.