
Зургийг: tdbm.mn
2023 оны II улиралд Банк бус санхүүгийн 23 байгууллага 58.1 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Ингэснээр ногоон зээлийн нийт үлдэгдэл 127.2 тэрбум төгрөг болж байгаа нь Банк бус санхүүгийн байгууллагын нийт зээлийн багцын 4.1 хувьтай тэнцэж байна.
Тайлант хугацаанд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай тээврийн хэрэгсэлд 117 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нийт зээлийн үлдэгдлийн 92.1 хувийг дангаар бүрдүүлжээ. Харин ногоон барилга таван хувь, эрчим хүчний хэмнэлттэй төсөл 1.9 хувийг нь эзэлсэн бол сэргээгдэх эрчим хүч 293 сая буюу ердөө 0.2 хувийг нь бүрдүүлсэн байна.
Оны эхний зургаан сарын байдлаар банкнуудын олгосон нийт зээлийн 0.7 хувийг ногоон зээл эзэлж байгааг Монголбанк мэдээлсэн юм. Сүүлд "ХААН банк"-ны зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувь 2.6 хүрч, өмнөх оноос 2.3 дахин өсөж, 243.5 тэрбум төгрөг болжээ. Үүний талаас дээш хувийг буюу 58 хувийг эрчим хүчний хэмнэлтийн төсөлд олгосон байна.
Түүнчлэн “Худалдаа хөгжлийн банк” ХК, Зээлийн батлан даалтын сантай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор банкны хэрэгжүүлж буй ногоон зээлд батлан даалт гаргахаар ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд “Зээлийн батлан даалттай бизнесийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд анх удаа нэвтрүүлээд байна.
Нөгөө талаас санхүүжилтийн бүрэн төлөвлөгөө одоогоор хангалтгүй, оновчтой үнэлгээ хийх шаардлагатай гэж Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо мэдээлж байлаа.
Монгол Улс Үндэсний ногоон Таксономийг 2019 онд анх боловсруулж, баталж байсан бол зургаадугаар сард анх удаа санхүүжилтийн Таксономи баталсан юм.
"Хөрөнгө оруулагчдын зүгээс ногоон бондоор санхүүжүүлэхэд бэлэн төслүүд байгаа эсэхэд анхаарах нь зүйн хэрэг. Тэр дундаа санхүүжилт олгох, санхүүжилт хүсэх талуудын хооронд гүүр байхгүй, ойлголтын зааг хэвээр байгаа тул санхүүжилт авах шаардлага хангах төслүүдийг бэлтгэх нь эн тэргүүнд шаардлагатай"-г Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь онцолж байв.