
Ажилчдын дунд “коронавирус”-ийн тархалт нэмэгдэж, олборлолтод саад учруулснаар БНХАУ-ын үйлдвэрлэлийн гол бүсүүдэд коксжих нүүрсний нийлүүлэлт бууралттай хэвээр байна.
“SXCoal”-ийн судалгаа хийсэн уурхайнуудад 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар түүхий коксжих нүүрсний олборлолт өмнөх долоо хоногоос 4.0 хувиар буурч, 8.7 сая тонн хүрсэн нь сүүлийн есөн долоо хоногийн доод үзүүлэлт болжээ. Угаасан коксжих нүүрсний үйлдвэрлэл ч долоо хоногийн дүнгээр 3.7 хувиар буурч, 4.45 сая тонн болсон байна.
Ирэх долоо хоногт COVID-19-ийн халдварын тархалт оргилдоо хүрэх төлөвтэй байгаа тул коксжих нүүрсний олборлолт ч буурсан хэвээр байна гэж шинжээчид таамаглаж байна. Хэдий тийм боловч бүс нутгийн шинжтэй нийлүүлэлтийн бууралт, ялангуяа уул уурхайн гол бүс болох Шаньси мужид олборлолтын ажиллагаанд саад учирсан нь коксжих нүүрсний үнийг тогтвортой байлгах, эсвэл бага дүнгээр өсөхөд ч нөлөөлөх боломжтой аж.
Дээрх уурхайнуудын коксжих нүүрсний агуулахын нөөц 12 дугаар сарын 22-ны байдлаар 2.5 сая тонн байгаа нь өмнөх долоо хоногоос 7.8 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин Шаньси муж дахь уурхайнуудын нөөц 20 хувиар буюу эрс буурсан байна.
Сүүлийн өдрүүдэд Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний НӨАТ шингээсэн үнэ тонн нь 1590-1600 юанийн хооронд тогтвортой байгаа аж. 12 дугаар сарын 21-нд Монголоос нүүрс тээврийн 837 автомашин хилээр нэвтэрсэн бол өмнөх өдөр нь 802 автомашин нэвтэрснийг “SXCoal” мэдээллээ.