
Европын Комиссоос бүс нутгийн агаарын бохирдлын түвшнийг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах төлөвлөгөө боловсруулж байна. Дараагийн 10 жилийн хугацаанд тус бүс нутагт жил бүр дунджаар 300 мянган хүн цаг бусаар хорвоог орхино гэсэн тооцоо гаргаад байгаа аж. Тиймээс агаарын бохирдлыг эрчимтэй бууруулснаар тэд энэ тоо багадаа 70 хувиар бууруулах боломжтой гэж Европын Холбооны Байгаль орчны төлөөлөгч Виргиниюс Синкявичюс өгүүллээ.
Үүнтэй холбоотойгоор шинэ хуулийн төслийг Европын Комиссын лхагва гарагийн хуралдаанд өргөн барих юм байна. Энэхүү хуулийн дагуу Европын Холбооны агаарын бохирдлын талаарх хууль журмуудыг бүрэн шинэчлэх бөгөөд ингэснээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан удирдамжтай хууль тогтоомжоо уялдуулахаар болсон байна. Үүнд агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг 2030 он гэхэд хамгийн багадаа хоёр дахин багасгах зорилт багтжээ.
"Бид 2050 он гэхэд Европын Холбоог агаарын бохирдолгүй болгох зорилт тавьсан. Европт цэвэр агаарыг хүний тансаг хэрэглээ мэтээр үзэх ёсгүй" хэмээн Европын Холбооны Байгаль орчны төлөөлөгч онцолж байна.
Дээрх хуулийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд үр тарианы үйлдвэрлэл нэмэгдэх, ажлын өдрийн алдагдлыг бууруулах болон бусад эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 121 тэрбум еврогийн эдийн засгийн үр ашиг авч ирнэ гэж тооцоолоод байна. Мөн агаарын бохирдолтой холбоотойгоор эрүүл мэнд нь муудсан иргэдэд нөхөн олговор олгохоор яригдаж байгаа аж.
Түүнчлэн Европын Комисс 1000-аас олон оршин суугчтай бүс нутгийн бохир усны асуудалд хатуу хяналт тогтоож, цаашид бохир уснаас био хий гарган авахыг дэмжин ажиллах болно гэжээ.
Хуулийн төслийн төгсгөл хэсэгт бүс нутгийн цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах талаар тусгасан байна. Үүний тулд Европын Холбооны хорт бодисын жагсаалтыг шинэчилж, хяналтын болон сэрэмжлүүлэх системүүдийг сайжруулах юм байна.
Энэ зууны дунд гэхэд Европын Холбоог агаарын бохирдолгүй болгох зорилтыг хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилттой хавсран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү зорилтын хүрээнд 2035 он гэхэд дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашиныг хориглох хууль баталж, бохирдолгүй нөхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэхээр болсон байна.
Хэдий тийм боловч зөвхөн хууль журам баталснаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжид нийцэхэд хангалттай бус болохыг Европын Холбооны Байгаль орчны төлөөлөгч Виргиниюс Синкявичюс онцоллоо.