
“Microsoft” компанийн улирлын орлогын өсөлт сүүлийн таван жилийн хамгийн сул үзүүлэлттэй гарснаар хувьцааны ханш нь дөрөв орчим хувиар унаад байна. Үүнд ам.долларын ханш чангарсан нь мөн компьютер үйлдвэрлэгчдэд нийлүүлэх “Windows” үйлдлийн системийн борлуулалт саарсан нь голлон нөлөөлжээ.
Мягмар гарагт гаргасан тайлангаас харвал өнгөрсөн улиралд тус компанийн борлуулалт 11 хувиар өсөж, 50.1 тэрбум ам.доллар хүрсэн бол цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурч, 17.6 тэрбум ам.доллар болжээ. 2017 оноос хойш “Microsoft”-ийн орлого улирал бүр 12-22 хувиар өсөж байсан аж.
Хэдийгээр дээрх үзүүлэлтүүд нь шинжээчдийн таамгийг давсан боловч гадаад валютын ханш “Microsoft”-ийн хамгийн их анхаарал хандуулж буй “Azure” үүлэн тооцооллын үйлчилгээний орлогын өсөлт 35 хувь болж удаашрахад нөлөөлжээ. Компаниудын программ хангамж болон “Office” багц программын веб хувилбарыг ачаалах, өгөгдлийг хадгалах зориулалт бүхий тус үйлчилгээний эрэлт нь өндөр түвшинд хэвээр хадгалагдсан аж.
Харин тайлант хугацаанд компьютер үйлдвэрлэгчдэд чиглэсэн “Windows” үйлдлийн системийн борлуулалтын орлого 15 хувиар буурсан байна. Энэ нь өнгөрсөн улиралд эрэлт сул, нийлүүлэлт жигд бус байсны улмаас компьютерын нийлүүлэлт буурсантай холбоотойг зах зээлийн судалгааны “IDC” компани онцолжээ.