
Зургийг: XacBank
ХасБанк 2023 оны III улиралд 39.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Ингэснээр жилийн өссөн дүнгээр татварын дараах цэвэр ашиг нь 101.6 тэрбум төгрөг хүрсэн ба өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өсөж, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь 96.5 төгрөг болсон байна.
Зээл ба санхүүгийн түрээсийн багц оны эхнээс 30.8 хувиар өссөн нь III улирлын цэвэр хүүний орлогыг 24 хувь буюу 14.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн активын чанар сайн байгаа нь III улиралд эрсдэлийн сангийн зардлыг хэмнэх боломж олгосныг онцолж байна. Түүнчлэн валют арилжаанаас III улиралд 3.5 тэрбум төгрөгийн орлого олсон нь өмнөх улирлаас 2.7 тэрбум төгрөгөөр илүү байжээ.
Тус банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Япон улсын Засгийн газартай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрт ХасБанк оролцож, 25 сая ам.долларын санхүүжилтийг эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгч нарт уян хатан нөхцөлтэйгөөр олгож байгаагаа тодотголоо.