
Хөрөнгийн зах зээл дахин нэг ширүүхэн улирлыг үдсэнээр энэ онд дэлхийн компаниудын үнэлгээнээс 24 их наяд ам.доллар арчигдаад байна.
“MSCI All-Country World Index” гурван улирал дараалан бууралттай гарсан нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших анхны тохиолдол боллоо.
Өндөр инфляц хадгалагдаж, ам.долларын ханш өсөж, Төв банкнууд бодлогын хүүгээ нэмж буйтай зэрэгцэн дэлхийн тэргүүлэх хувьцаануудын мэдээллийг нэгтгэн тооцдог тус индекс ойролцоогоор долоо орчим хувиар буурсан байна.
Үүнээс гадна шинжээчид компаниудын орлогын төсөөллөө бууруулж, АНУ болон Европын томоохон компаниуд III улирлын тайлангийн үр дүн тааруу гарахыг анхааруулж эхэлжээ.
Хэдий тийм боловч нөгөө талаасаа энэ нь компаниудын ашгийн хүлээлтийг багасгаснаар өдгөө нэн чухал шаардлагатай хувьцааны ханшийн сэргэлтийг авчирч магадгүй байгаа аж.
Сүүлийн 20 жилийн түүхээс харвал “S&P 500” индекс IV улиралд дунджаар 4.1 хувиар өсөж байжээ. Харин “MSCI” индекс энэ хугацаанд ердөө гурван удаа IV улиралд уналттай гарсан байна. Үүнээс харвал компаниудын орлогын тайлан жилийн эцэст тогтвортой гарсан тохиолдолд хөрөнгийн зах зээл IV улиралд өсөлт үзүүлэх магадлалтай.
“Citigroup”-ийн индексээс харвал зургаадугаар сараас хойш АНУ-ын компаниудын орлогын бууралт нь өсөлтөөсөө тогтмол илүү гарсан бол дэлхийн компаниудын дараагийн 12 сарын орлогын төсөөлөл өмнөх улиралд сар бүр буурч байжээ. “S&P 500” болон “Stoxx 600” индекс тус бүр өмнөх дээд үзүүлэлтээсээ 20 болон түүнээс дээш хувиар унаж, хоёулаа “Баавгай” зах зээлд ороод байна.
Одоогоор хөрөнгө оруулагчдад тулгарч буй хамгийн гол асуулт бол уналт доод цэгтээ хүрсэн эсэх юм. “Goldman Sachs” болон “Blackrock”-ийн шинжээчид хөрөнгийн зах зээл 2023 онд дахин өндөр дүнгээр унах төлөвтэйг анхааруулж байгаа юм.
Харин Ази тивд БНХАУ-ын компаниудын хувьцаа зогсолтгүй унаж байгаа нь хөгжиж буй зах зээл дэх тэдний хамгийн том өрсөлдөгч Энэтхэгт боломжийг өгч, ховорхон тохиолдох хол зөрүүг бий болгожээ.
“MSCI India Index” бараг 10 хувийн өсөлттэйгөөр энэ улирлыг хаасан бол нөгөө талд “MSCI China Index” 23 хувиар унасан байна. Өөрөөр хэлбэл БНЭУ БНХАУ-аас 33 нэгж хувиар илүү гарсан нь 2000 оны гуравдугаар сараас хойших хамгийн хол зөрүү аж.
COVID-19-ийг үл тэвчих бодлого, Засгийн газрын зохицуулалт, баруунтай хийсэн сөргөлдөөний улмаас БНХАУ-ын компаниудын хувьцаа 2021 оны эхнээс хойш таван их наяд ам.доллароор буурчээ. Харин Азидаа хамгийн хурдан өсөлтийн төсөөлөлтэй байгаа БНЭУ үүнийг орлох таатай зах зээлд тооцогдож, “Дараагийн Хятад” хэмээн нэрлэгдээд байна.