
Европын зах зээлд байгалийн хийн үнэ сүүлийн зургаан долоо хоногийн дээд цэгтээ хүрлээ. Ойрын хугацаанд хүйтний эрч сүүлийн жилүүдэд тохиогоогүйгээр эрс чангарах тул байгалийн хийн нөөц багасах төлөвтэй болж, хэд хэдэн томоохон үйлдвэрүүд мягмар гарагт сул зогсолт хийсэнтэй холбоотойгоор үнэ нь ийнхүү нэмэгдсэн байна.
Цочир хүйтрэх нь эрчим хүчний хямралтай байгаа тус бус нутгийн энэ өвлийн эхний том сорилт болох юм. Үүнээс өмнө цаг агаар харьцангуй дулаан байсан тул Европт эрэлт буураад байжээ.
Украины дайнаас үүдэн ОХУ Европ руу хийх байгалийн хийн экспортоо бууруулснаас хойш тус тивийн улсууд олон сарын турш нөөцөө нэмэгдүүлэх болоод байгаа билээ. Одоогоор байгалийн хийн агуулахууд дунджаар 94 хувийн дүүргэлттэй байгаа гэж “Gas Infrastructure Europe” байгууллага мэдэгдээд байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн дайнаас өмнө ОХУ-ын Төрийн өмчит "Gazprom" компани Европ тивийн байгалийн хийн хэрэглээний гуравны нэгийг дангаар хангадаг байсан аж.
Мягмар гарагт Норвегийн "Troll" болон Их Британийн "Barrow North" байгалийн хийн үйлдвэрүүдийн боловсруулах үйл ажиллагаа нэгэн зэрэг доголдсон нь үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Үүнээс гадна лхагва гарагт Норвегийн байгалийн хийн "Karsto" үйлдвэр урсгал засвараа эхлүүлнэ гэж мэдэгдээд байгаа аж.
Энэ сарын эцсээр болох Европын Холбооны Эрчим хүчний сайд нарын шуурхай хуралдаанаас өмнө Холбооны гишүүд байгалийн хийн үнийн тааз тогтоох асуудалд санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа юм. "Үнийн дээд хязгаар тогтоох замаар зах зээл дэх байгалийн хийн үнийг дайны өмнөх түвшинд хүргэх боломжгүй. Харин үүний оронд бүс нутаг дахь эрэлтийг бууруулах замаар үнийг буулгах боломжтой" гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Сүүлийн байдлаар Европын байгалийн хийн голлох фьючерс үнэ 7.3 хувиар өсөж, нэг мегаватт/цаг нь 132.29 евро болжээ.