
Хатуу чулуулагт литийн нөөцөөр дэлхийд дээгүүр бичигддэг Зимбабве улсын Засгийн газар БНХАУ-ын “Tsingshan Holdings” компанитай лити олборлох болон боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан гэж тус улсын Ерөнхийлөгч Емерсон Мнангагва мэдэгдлээ.
Никель үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Tsingshan Holdings” компани одоогоор тус улсад нэг тэрбум ам.долларын зэвэрдэггүй гангийн үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж байгаа аж. Мөн Зимбабве улсад коксжих нүүрс болон феррохромын хайлуулах үйлдвэртэй юм.
Мягмар гарагт Зимбабве улсын Ерөнхийлөгч Емерсон Мнангагва болон “Tsingshan Holdings”-ийн үүсгэн байгуулагч, БНХАУ-ын тэрбумтан Шиан Гуанда нар Хараре хотод уулзаж, үүнтэй холбоотой багц гэрээнд гарын үсэг зурсан байна. Зимбабве улсын Ерөнхийлөгч "“Tsingshan Holdings” Зимбабве улсад үйл ажиллагаагаа өргөтгөнө. Энэ хүрээнд Зимбабвед цемент болон литийн баяжмалын үйлдвэрлэлийг эхлүүлж, коксжих нүүрс болон төмөр хромын хайлшны үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ" гэж гарын үсэг зурах арга хэмжээний үеэр мэдэгджээ.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу “Tsingshan Holdings” Зимбабве дахь зэвэрдэггүй ган болон коксжих нүүрсний үйлдвэрлэлээ жил бүр таван сая тонн болгон нэмэгдүүлэх аж. Тус компани зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Зимбабвегийн хөрөнгө оруулалтын хомсдол болон урсгал засварын дутагдалд ороод байгаа төмөр замын системийг нөхөн сэргээхэд туслахаа амласан байна.
“Tsingshan Holdings”-ийн хөрөнгө оруулалтаас өмнө “Zhejiang Huayou Cobalt”, “Sinomine Resource Group” болон “Chengxin Lithium Group” зэрэг БНХАУ-ын томоохон компаниуд Зимбабве улсын литийн салбарт нийт 678 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа ажээ.