logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Тансаг бүтээгдэхүүний худалдан авалтаар БНСУ-ын иргэд дэлхийд тэргүүлсээр
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 27 15:00
    298
    20-иод насныхны дунд тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн худалдан авалт 2021 онд 2018 оныхоос 70 хувиар өссөн нь бүх насны бүлгүүдээс хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна

    Нийгмийн статусын хойноос хөөцөлдөгсөд, орон сууцны чинээлэг эзэд, "нэг л амьдарна" уриатай миллениалууд хамтран БНСУ-ыг нэг хүнд ногдох тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зарцуулалтаараа дэлхийд тэргүүлэгч болгожээ. 

    Нэр хүндтэй дизайнерын брэндийн гар цүнх, 2000 ам.долларын үнэтэй өвлийн хүрэм гээд хувийн зориулалт бүхий тансаг зэрэглэлийн бүхий л бүтээгдэхүүнд солонгосчуудын зарцуулсан дүн 2022 онд 24 хувиар өсөж, 21.8 их наяд вон буюу 16.8 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнийг иргэн бүрд хуваан тооцвол нэг хүнд 325 ам.долларын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн ногдож байгааг "Morgan Stanley"-ийн энэ сард гаргасан тайланд дурдсан байна.

    Цар тахлын үед БНСУ-ын зарим хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ бараг хоёр дахин нэмэгдэж, орон сууц эзэмшигчдэд их хэмжээний орлого авчирсан нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Мөн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний “халуурал”-д миллениалуудын худалдан авалт бас нөлөөлснийг Сөүлийн үндэсний их сургуулийн эдийн засгийн профессор Ан Дун Хён онцолж байна. "Хүмүүс орон сууцтай болохын төлөө зүтгэхээс залхаж, оронд нь тансаг эд зүйлс худалдан авах замаар сэтгэл ханамжийг мэдэрдэг болсон байх" хэмээн тэрбээр өгүүлжээ. 

    20-иод насныхны дунд тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн худалдан авалт 2021 онд 2018 оныхоос 70 хувиар өссөн нь бүх насны бүлгүүдээс хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгааг жижиглэн худалдааны аварга компани "Lotte"-ийн гишүүнчлэлийн лояалти хөтөлбөрийн 2022 оны тайлангаас харж болохоор байна.

    “Найзууд маань бүгд дор хаяж нэг тансаг брэндийн гар цүнхтэй. Залуу үеийнхэн “ганц л амьдарна” гэсэн уриатай болсон. Хэт үнэтэй орон сууцыг бид худалдаж авч чадахгүй нь тодорхой учраас ирээдүйдээ зориулж мөнгө хадгалах ямар хэрэгтэй гэж?” хэмээн даатгалын компанид жилийн 24 мянган ам.долларын цалинтай ажилладаг, 30 настай Кристин Ли онцолж байна. 

    Cэтгэгдэл бичих