
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 2015 оны Парисын хэлэлцээрээр 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нийлбэр чадлын 30 хувьд хүргэх амлалт өгсөн байдаг ч одоогоор нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.
2022 онд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэй хэд хэдэн сэргээгдэх эрчим хүчний төсөл ашиглалтад орсон юм. Тухайлбал: Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц, Улиастай хотод 3.6 МВт.ц багтаамж бүхий цэнэг хураагуурын систем ашиглалтад ороод байна.
Улиастай хотод суурилуулсан цэнэг хураагуурын систем нь Монгол Улсын эрчим хүчний системд анх удаа ашиглагдах дэвшилтэт технологи бөгөөд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээс цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед тохируулга хийж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа аж.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг нь 2016 онд эхлүүлсэн 10 МВт-ын хүчин чадалтай "Ховд нар" нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан юм. Энэхүү нарны цахилгаан станц жилд 17-22 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангана.
Ийнхүү шинэ сэргээгдэх эрчим хүчний төслүүд ашиглалтад орж байгаа ч 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 30 жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслүүд яриа хэлэлцээрийн түвшинд хэвээр байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд тохиролцсон юм. Хэдий тийм боловч одоогоор дээрх төсөл хэзээ хэрэгжиж эхлэх талаар тодорхой тов гараагүй байна.
Мөн ОХУ-ын Владивосток хотод есдүгээр сард болсон Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхсан бөгөөд яриа хэлэлцээний үр дүнд Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулан Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтоод байна.